
Газрын ховор элементийн "Хотгор" төслийн анхан шатны инженерийн ажил 2024 оны IV улиралд эхэлнэ гэж тооцоолж байгааг энэхүү төслийн нөлөө бүхий хувь эзэмшигч “Parabellum Resources” компани мэдэгдлээ.
Үүнээс өмнө нөөц тодорхойлох ажлыг 2023 оны хоёрдугаар сард, харин ТЭЗҮ-ийг 2024 оны III улирал гэхэд боловсруулж дуусгахаар төлөвлөжээ.
“Parabellum Resources” компани "Хотгор" төслийн 80 хувийг эзэмшдэг “Temarise” компанийн 30 хувийг 3.9 сая австрали доллароор худалдан авч байгаа аж. Төлбөрийг дөрвөн транчаар хийх бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын нэгэнд төлбөрийг бүрэн хийж гүйцэтгэхээр байна.
Хөрөнгийн зарцуулалтын хувьд “Хотгор” төслийн нөөц тогтоох судалгаанд 2.6 сая австрали доллар, өрөмдлөгийн хөтөлбөрт 1.3 сая австрали доллар зарцуулна гэжээ.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байрлалтай газрын ховор элементийн энэхүү ордын нийт ажилтнуудын 95 хувь нь монголчууд байна гэдгийг хөрөнгө оруулагчдад зориулсан илтгэлдээ онцолсон байна.
“Parabellum Resources” компани Австралид алт болон зэсийн төслүүд хэрэгжүүлдэг. Энэ оны долоодугаар сараас арилжааны хэмжээ эрс нэмэгджээ.
Одоогоор тус компанийн хувьцааны ханш дээд түвшиндээ буюу 0.43 австрали доллар хүрээд байна.