
Зургийг: AP Photo/Yuri Kageyama
Хүн бүр өөрийн гэсэн дижитал “клон”-той байгаасай гэж Казүтака Ёнэкура мөрөөддөг. Энэ бол таны өмнөөс “Zoom”-ийн хуралд орох зэрэг өдөр тутмын ажлаас тань хамжилцаж чадах онлайн аватар юм.
Токио дахь “Alt” стартап компанийн Гүйцэтгэх захирал тэрбээр дижитал клон бидний амьдралыг хөнгөвчилж, илүү бүтээмжтэй болгож чадна гэдэгт итгэдэг. Түүний компани хүний дижитал ихрийг буюу яг тухайн хүн шиг ярьж, хөдөлдөг хөдөлгөөнт дүрсийг бүтээж байгаа аж. Энэхүү дижитал клоныг тухайлбал ажил олгогч анхан шатны ажлын ярилцлагыг хөтлөн явуулах эсвэл эмч нар үзлэгийн өмнөх сорил хийхдээ ашиглаж болох аж.
“Энэ технологи таны маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн цаадах өдөр давтагддаг нэгэн хэвийн ажлуудаас чөлөөлөх болно” хэмээн тэрбээр “Associated Press”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. Энэ хооронд түүний дижитал клон цаад компьютерын дэлгэц дээр нь харагдаж байсан бөгөөд дуу хоолойных нь хиймэл хувилбар ч сонсогдож байлаа.
Түүний дижитал клоноос “Та ямар хөгжимд дуртай вэ?” хэмээн асуухад хэдэн секунд зогсолт авснаа Казүтака Ёнэкура яагаад хип хоп, рок-н-ролл зэрэг эрчтэй, хэмнэлтэй дуунд дуртай болохыг дэлгэрэнгүй гэгч тайлбарлаж байсан аж. Яриа нь жаахан хөшүүн байсан ч аливаа доголдлыг нь программчлан засжээ.
Өдгөө 46 настай Казүтака Ёнэкура энэхүү технологио “Siri”, “ChatGPT” болон “Google AI”-аас илүү хувь хүнд ойртож байгааг онцолж байна. Тэрбээр “Хамгийн гол нь дижитал клон бол технологийн компанийн бус таны өмч байх болно” хэмээн дурдсан юм.
Одоогоор хүмүүс өөрийн гэсэн дижитал клонтой болъё гэвэл ихээхэн үнэтэй тусахаар байна. Тухайлбал: “Alt” компанийн бүтээж буй клон нэг бүрийн үнэ 140 мянган ам.доллар. Тиймээс хүн бүр дижитал болоход тодорхой хугацаа шаардагдахаар харагдаж байна.