
Зургийг: Bloomberg Creative Photos
Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл Тайвань, БНХАУ зэрэг уламжлалт төвүүдээсээ шилжиж буй үетэй зэрэгцэн Тайланд, Вьетнам, Энэтхэг, Камбож дөрвөн улс энэ онд тус салбарт томоохон ахиц гаргаад байна.
Хоёрдугаар сард АНУ-ын чипийн импорт өнгөрсөн оныхоос 17 хувиар өсөж, 4.86 тэрбум ам.доллар хүрснээс нийт дүнгийн 83 хувийг нь Азийн орнуудын экспорт эзэлжээ.
БНЭУ-ын хагас дамжуулагчийн нийлүүлэлт 34 дахин өсөж, 152 сая ам.доллар хүрсэн бол Камбож улсын нийлүүлэлт 698 хувиар өсөж, ойрын жилүүдэд харагдаагүй өндөр дүн болох 166 сая ам.доллар хүрснээр Японы ард маш ойрхон бичигджээ.
Харин чип үйлдвэрлэлийн зах зээлд томоохон байр суурь эзлэх болоод байгаа Вьетнам, Тайланд улс энэ салбарт АНУ-тай хийх худалдаагаа 75 болон 62 хувиар тус тус өсгөсөн байна. Вьетнамын хувьд долоон сар дараалан АНУ-ын хагас дамжуулагчийн импортын 10 гаруй хувийг эзэлж байгаа юм.
АНУ дэвшилтэт хагас дамжуулагчийн хэрэглээгээр Тайвань, БНСУ зэрэг гадаадын нийлүүлэгч орнуудаас хэт хамааралтай болж байгаад тус улсын албаныхан санаа зовних болсноо илэрхийлж байв. Харин хоёрдугаар сарын тайлан мэдээллээс харвал “Apple” компани “iPhone”-ийн үйлдвэрлэлээ БНХАУ-аас аажмаар гаргаж, Энэтхэг зэрэг бусад улсад шилжүүлэх зэргээр АНУ цахилгаан хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж байгаа нь харагджээ.
Хагас дамжуулагч нь компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг бүхий л бүтээгдэхүүний нэн чухал эд анги бөгөөд сүүлийн үед Вашингтон, Бээжин хоорондын харилцаа эрс муудсанаас хоёр улс нийлүүлэлтийн стратегиа хоёул дахин анхаарч үзэх болоод байна.