
Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор нэрлэгдээд буй БНЭУ-ын нийслэл Шинэ Делид хортой утаанаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд зайнаас ажиллуулах горимд шилжихийг уриалжээ.
Тус хотын засаг захиргаа хот орчмын бүс нутагт тариалангийн талбайн өнжмөл өвсийг шатаах, мөн тоосжилтыг бууруулах үүднээс шинээр барилга барих, нураах зэрэг үйл ажиллагааг хориглох зэрэг арга хэмжээ авсан ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй аж.
Жил бүр өвлийн улиралд дээрх үйл ажиллагаануудын улмаас Шинэ Дели хотын бохирдлын түвшин дэлхийд мөрдөгддөг аюулгүй байдлын босго хэмжээнээс хэд дахин илүү гардаг байна.
Шинэ Делигийн агаарын чанарын индекс хэдхэн цагийн дотор 409-551 хүртэл нэмэгдсэн нь дэлхийн хотуудын дунд хамгийн муу үзүүлэлт болохыг “IQAir”-ийн гаргасан статистик мэдээ харуулж байгаа юм.
"Шинэ Дели хотын бохирдлын хувь хэмжээг бууруулахын тулд гэрээсээ ажиллах, мод, нүүрс зэрэг шатах түлшний хэрэглээг халж цахилгаан халаагуур хэрэглэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээн Дели мужийн Байгаль орчны сайд Гопал Рай онцолжээ.
Энэтхэгийн хойд хэсэгт агаарын бохирдлын уршгаар 480 сая гаруй иргэний амьдрах хугацаа 8.5 жилээр богиноссоныг сүүлд хийсэн судалгаа харуулж байгаа аж.
Энэ ч утгаараа Египетэд болсон COP27 дээд хэмжээний уулзалтын үеэр бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх БНЭУ-ын тэмцэл анхаарлын төвд байсан юм.
2021 оны байдлаар нүүрсхүчлийн ялгарлын түвшнээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Энэтхэг улс 2070 он гэхэд нүүрсхүчлийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэнэ хэмээн тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди амлажээ.