
"Alibaba"-ийн шинэ Гүйцэтгэх захирал бол жинхэнэ "нууц ноёнтон". Компанийн дотоод сүлжээ, бүртгэл мэдээлэлд нэвтрэх эрхтэй ажилтнууд нь хүртэл түүний талаар мэдэх гээд юу ч олж чадаагүй байна.
Өдгөө 48 настай, компьютерын ухааны мэргэжилтэй Эдди Ву Ёнмин нь "Alibaba" дөнгөж байгуулагдах үеэс эхлэн Жак Матай хамт байсан. Гэхдээ түүнийг нэр хүндтэй захирал Даниел Жангийн оронд томилохоор болсон нь технологийн ойрын хүрээллийнхнийг ихээхэн гайхшируулжээ.
Программистаас хөрөнгө оруулалт руу шилжсэн Эдди Ву ийнхүү Гүйцэтгэх захирал болсноор Хятадын цахим худалдааны хамгийн том компанийн чиглэл хаашаа эргэх талаар маш олон асуулт урган гарч ирж байна.
Ахмад программист, мөн 10 тэрбум юаниар (1.4 тэрбум ам.доллар) үнэлэгдэх венчур капиталын компанийг удирддагийн хувьд Эдди Ву хоёр ялгаатай салбарт нөлөөгөө тогтоосон нэгэн бололтой. Түүний хөрөнгө оруулалтын багцад автомат жолоодлого, зүйлсийн интернэт (IoT) зэрэг өнөө цагийн хамгийн дэвшилтэт салбарын компаниуд багтдаг. "Alibaba"-ийн цахим ертөнц дэх давамгай байдал сүүлийн жилүүдэд хиймэл оюун, үүлэн технологи, видео энтертайнмент зэрэг салбаруудаас болж ганхах болсон тул Вугийн энэхүү сонирхол маш чухал юм. Түүнчлэн "Alibaba"-ийн зургаан охин компани нь одоо санхүүжилт босгох, тусдаа гарах буюу жинхэнэ хэлцлийн үе шатандаа яваа билээ.
Өнгөрсөн долоо хоногт уг халаа сэлгээ хийгдсэний дараа 220 тэрбум ам.долларын үнэлгээтэй "Alibaba" болон түүний зургаан нэгжид хуваагдсан бүтцийн өөрчлөлтөд Ву ямар нөлөө үзүүлэх эсэх дээр хөрөнгө оруулагчид тархиа багагүй гашилгав. Ихэнх шинжээчид түүний мэргэжлийн туршлагыг онцолж байсан бол бусад нь компанид нэн хэрэгтэй байгаа хөрөнгийг татах чадварт нь төвлөрч байлаа. Эрх баригчдын хатуу арга хэмжээнд гол бизнесүүд нь өртөж, улмаар 2021 оны сүүлээс хойш хоёр оронтой хувийн өсөлт үзүүлээгүй байгаа компанийг сэргээхэд дээрх хоёр хүчин зүйл хоёул дэм болж магадгүй байна.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг веб хаягтай болгох замаар хурдацтай өсөж байсан Хятадын хувийн хэвшлийг цахимжуулах алсын хараа бүхий залуухан, идеалист Жак Ма тухайн үед Эдди Вугийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байжээ. 1996 онд Ву орон нутгийн сониноос ажлын зарыг нь хараад Жак Магийн анхны компани "China Yellow Pages"-д нэгдсэн байна. "Хошин шогийн мэдрэмжтэй, ярьж байгаа нь маш харизмтай" хэмээн Ву ирээдүйн босс, менторынхоо тухай анхны сэтгэгдлээ ярьсан байдаг.
Жак Ма БНХАУ-ын Худалдааны яаманд хэсэг ажиллахад Ву түүнийг дагаж Бээжинд ирсэн бол дараа нь Ханжоу дахь сууцандаа "Alibaba"-г байгуулахад тэрбээр мөн л хамт байжээ. "Эдди Ву салбартаа нэр хүндтэй, хэлцэл хийх өндөр чадвартай нэгэн. Энэ нь яг одоо Alibaba-л хэрэгтэй зүйл байж магадгүй. Ву ямар нэг сүр дуулиангүйгээр шинэ ажилдаа орох байх. Гэхдээ алдарт Жак Матай харьцуулбал тэрбээр илүү энгийн даруу төрлийн захирал болно" хэмээн "Kaiyuan Capital" компанийн Гүйцэтгэх захирал Брок Силверс өгүүлжээ.
"Alibaba" томрох тусам Вугийн үүрэг роль томорсоор ирсэн байна. "Ebay"-тай төстэй "Taobao", жижиглэн худалдааны "alibaba.com" гээд компанийн гол бүтээгдэхүүнүүдийн үндсэн "архитектор" нь Эдди Ву байжээ. 2004 онд тэрбээр цахим төлбөр тооцооны "Alipay"-ийг загварчилсан нь Хятад улс бэлэн мөнгөний хэрэглээнээс ангижрахад томоохон нөлөө үзүүлсэн юм. Жак Ма 2011 онд "Ant Group"-ийг байгуулахдаа тус технологи дээр суурилсан гэхээр "Alipay" дэндүү үнэ цэнтэй бизнес байжээ.
2015 онд Эдди Ву "Alibaba"-ийн өдөр тутмын менежментээс холдож, өөрийн венчур капиталын "Vision Plus"-ийг байгуулсан байна. Түүний хөрөнгө оруулалтын компани "стартапуудын нутаг" Ханжоуг онилж, голдуу "Alibaba"-аас гараагаа эхэлсэн энтрепренерүүдийн компанийн хувьцааг хамж эхэлсэн байна.
"Alibaba"-ийн ТУЗ-ийн шинэ дарга болоод байгаа Жозеф Цайгийн хамт Эдди Ву компанийн урт хугацааны өсөлтөд амин чухал өөрчлөлтийг хийхэд бэлэн болоод байна. "Хэрэглэгчдийн урсгал хамгийн ихтэй шинэ трэндийг тэд барьж авч чадахгүй бол компани уруудах замдаа орно" хэмээн өмнө нь "Alibaba"-гийн нэгжийг удирдаж байсан Рожер Хуанг анхааруулсан байна.