logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    2033 он гэхэд дэлхийн аялал жуулчлалын зах зээл $15.5 их наяд хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 23 13:40
    993

    Зургийг: Andrea Mantovani/Bloomberg

    2019 онд аялал жуулчлалын зах зээлийн үнэлгээ 10 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг эзэлж байжээ

    “World Travel & Tourism Council”-ийн (WTTC) судалгаагаар ирэх 10 жилд дэлхий даяар аялал жуулчлалын салбар эрчимтэй өсөн тэлэхээр байна. АНУ-ын аялал жуулчлалын зах зээл гэхэд л удахгүй гурван их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж. 

    Энэ зун дэлхийн олон улсад онгоцны буудлууд жуулчдын хөлд дарагдсан нь салбарын цаашдын төлөвийг тодорхой илтгэж байлаа. 

    2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.долларын зах зээл болж, дэлхийн эдийн засгийн 11.6-аас дээш хувийг эзлэхээр байгаа ажээ. 2019 онд аялал жуулчлалын зах зээлийн үнэлгээ 10 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувийг эзэлж байсантай харьцуулахад дээрх дүн 50 хувиар өсөөд байна. 

     

    Ирэх 10 жилийн энэхүү тооцооллыг аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд тэргүүлэн ажилладаг “World Travel & Tourism Council” (WTTC) байгууллага гаргажээ. Хэдийгээр энэ судалгаа нь өнгөрсөн тавдугаар сард аялал жуулчлалын “Дэлхийн эдийн засгийн нөлөөлөл 2023” хэмээх тайлангийн нэг хэсэг болон танилцуулагдаж байсан ч өнөөг хүртэл салбарын цөөн хэдэн мэргэжилтний дунд эргэлдэхээс цааш хэтрээгүй байна. 

    Тус тайланд дэлхийн голлох аялал жуулчлалын зах зээлүүдийн эдийн засаг дахь үр нөлөөг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь нэмрийг нь үндэслэн 2022 онд дэлхийд хамгийн их нөлөө үзүүлсэн аялал жуулчлалын таван эдийн засгийг танилцуулжээ. 

    Тайланд аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн зах зээлд үзүүлсэн үр нөлөөг тоо баримтаар харуулсан байна. Нийт дүнгээр нь үзвэл аялал жуулчлал 2033 он гэхэд 430 сая хүнийг ажлын байраар хангахаар байгаа аж. 2019 онд тус салбар 334 сая хүнийг ажлын байраар хангаж байсан бөгөөд энэ нь ойролцоогоор дэлхий дээрх есөн ажил тутмын нэг гэсэн үг юм. 

    Нөгөөтэйгөөр аялал жуулчлалын салбар дэлхийн эдийн засгийн томоохон хувийг эзлээд зогсохгүй, өсөлтийн хурдаар ч нийт эдийн засгаа гүйцэж байна.

    “Эдийн засагчид дотоодын нийт бүтээгдэхүүнийг жилдээ 2.6 хувиар өснө гэж тооцоолсон. Харин аялал жуулчлалын салбарын жилийн өсөлтийг бид 5.1 орчим хувь байна гэж харж байна” хэмээн WTTC-ийн тэргүүн Жулиа Симпсон “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

    WTTC-ийн дэвшүүлсэн бас нэгэн таамаглал нь их өөрчлөлт айсуйг илэрхийлж байна. Дэлхийн аялал жуулчлалын салбарт тэргүүлдэг, жилдээ хоёр их наяд ам.долларын хувь нэмэр оруулдаг АНУ-ын аялал жуулчлалын зах зээл ирэх 10 жилд БНХАУ-д титмээ шилжүүлнэ гэж үзжээ. Тодруулбал: 2033 онд БНХАУ-ын аялал жуулчлалын салбар дөрвөн их наяд ам.долларыг эдийн засагтаа оруулж, тус улсын эдийн засгийн 14.1 хувийг эзлэх төлөвтэй байгаа аж. Үүнтэй харьцуулахад АНУ-ын аялал жуулчлалын зах зээл гурван их наяд ам.доллар хүрч, тус улсын эдийн засгийн 10.1 хувийг эзлэхээр байна.

    (Жич: Дээрх тоо баримтад олон улсын жуулчдын тухайн улсад зарцуулсан мөнгөн дүн болон улс орнуудын иргэдийн гадаад дахь аяллын  зардал багтжээ)

    Cэтгэгдэл бичих