logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Инфляцын эрсдэлийг хазаарлах алтернатив хөрөнгө оруулалтын боломжууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 20 10:45
    941

    Зургийг: Dia Dipasupil/Getty Images North America

    Энди Уорхолын зурсан Мэрилин Монрогийн алдарт хөрөг дуудлага худалдаагаар 195 сая ам.доллар хүрч, хамгийн өндөр үнээр зарагдсан бүтээл болжээ

    Хөрөнгө оруулагчид илүү эрсдэл гаргасныхаа төлөө ашиг хүртэхгүй байгаа энэ үед тогтмол өгөөж эрэлттэй болох хандлага байна. Тэгвэл уламжлалт бус буюу алтернатив хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс аль нь энэ онд онцгойрч байна вэ?

    Алт

    Үнэт металлын ханшийг юу хөдөлгөдөг вэ? гэх асуултад хариулт олох нь сүүлийн 10-аад жилийн хугацаанд тун хялбар байлаа. Валютын ханш унахад үнэт металлын ханш өснө, валют чангарахад үнэт металлын ханш унана. Ялангуяа “анти-доллар” гэж болохоор алтны үнэ бодлогын хүү бага, ам.доллар сул үед өсөх нь хууль мэт байв. Гэтэл өдгөө энэхүү хамаарал байхгүй болжээ.

    Энэ онд дэлхий даяар бодлогын хүү 2008 оны санхүүгийн хямралаас хойш байгаагүй өндөр түвшинд очсон ч алт бараг ажирсангүй. Тухайлбал: АНУ-ын Засгийн газрын инфляцаас хамгаалагдсан бондуудын (TIPS) бодит өгөөж өнгөрсөн сард 2009 оноос хойших дээд түвшинд хүрсэн байхад тухайн өдөр алтны үнэ ердөө 0.5 хувиар унасан байна. Сүүлд бодлогын хүү ийм өндөр түвшинд хүрэхэд алтны үнэ одоогийнхоос бараг 50 хувиар доогуур байлаа.

    unnamed (9).jpg

    Шинжээчдийн дүгнэж байгаагаар алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь БНХАУ-ын Ардын банк зэрэг Төв банкнуудын эрчимтэй худалдан авалт АНУ-ын эдийн засгийн удаашрал алтны үнэд эергээр нөлөөлнө гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлттэй давхацсантай холбоотой аж.

    Урлагийн бүтээл

    Өнгөрсөн онд Энди Уорхолын зурсан Мэрилин Монрогийн алдарт хөрөг дуудлага худалдаагаар 195 сая ам.доллар хүрч, XX зууны хамгийн өндөр үнээр зарагдсан  уран бүтээл болж байв. Энэ мэтээр сүүлийн үед дуудлага худалдаанд орж буй алдартай уран бүтээлүүд бараг бүгд анхны тооцоолсон үнээсээ давж зарагдах болсон нь өнөөгийн зах зээлийн байдлыг харвал тийм ч гайхахааргүй үзэгдэл болж байгаа юм.

    Нэгдүгээрт цар тахлын үед зарцуулалт буурснаас үүдэн чинээлэг иргэдийн хадгаламж өндөр хэвээр байгаа нь, хоёрдугаарт дэлхий даяарх инфляцын өсөлт хедж буюу эрсдэл бууруулах хөрөнгө оруулалтын сонирхлыг идэвхжүүлсэн нь үүнд нөлөөлжээ. Инфляцын цөөн хэдэн жинхэнэ хеджүүдийн эгнээнээс криптовалют хасагдаж, харин урлагийн бүтээл ямар ч нөхцөлд байр сууриа хадгалсан хэвээр байна.

    Хуучны автомашин

    Үнэт цуглуулгын зах зээлийн үнэлгээ 2023 онд 462 тэрбум ам.доллар болно гэж “Market Decipher” сүүлийн судалгаандаа онцолжээ.

    Гол төлөөлөгч нь болох хуучны автомашины зах зээл одоогоор “neutral” араандаа хийсэн байгаа ч аль хэдийн автомашин худалдаж авсан хөрөнгө оруулагчдын хувьд амархан хийж болох ашиг арын толинд нь харагдаж байгааг шинжээчид онцолж байна.

    unnamed (1).jpg

    Тухайлбал: 1987-1991 оны “BMW M3 E30”-ийн дундаж үнэ 2020 оноос хойш 50 гаруй хувиар өсөж, энэ онд 83 мянган ам.доллар хүрчээ.

    Цар тахлын үед энэ зах зээлд орсон хүмүүс урьд байгаагүй өсөлтийн мөчлөгийг үзсэнээ ухаарахгүй байгааг “Hagerty’s”-ийн дэд Ерөнхийлөгч Брайан Раболд тодотгож байна.

    Үлэг гүрвэлийн олдвор

    Байгалийн нэгэн гайхамшиг болсон үлэг гүрвэлийн яс өдгөө зөвхөн музейд зочлогсдыг гайхшируулахаа больжээ.

    Бэлтэй эрхмүүд тэдгээрийг үнэт чулуу, эртний гар бичмэл, урлагийн бүтээл мэт цуглуулдаг болсон байна. Тэр дундаа Холливудынхан, технологи болон санхүүгийн салбарын элитүүд үлэг гүрвэлийн ясыг дуудлага худалдаагаар үнэ хаялцан авах тренд хүчээ авч байна. Тухайлбал: "Stan" хэмээн нэрийдсэн тираннозаврын бүтэн араг яс 2020 онд Нью-Йоркт "Christie’s"-ийн дуудлага худалдаагаар бараг 32 сая ам.доллароор зарагдаж байсан бөгөөд өдгөө Абу-Даби хотын байгалийн түүхийн шинэ музейн гол үзмэр болох гэж байгаа аж.

    Харин энэ долоо хоногт "Sotheby’s"-ийн дуудлага худалдаанд орох нисдэг птеранодоны араг яс зургаан сая ам.доллар давсан үнээр зарагдах төлөвтэй байна.

    Виски

    "Euromonitor International" дэлхийн вискиний зах зээлийн 2022 онд 139.5 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Харин 7.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй шотланд вискиний зах зээлд өнгөрсөн онд Ази-Номхон далайн бүс Европын Холбоог гүйцэж, хамгийн том худалдан авагч бүс болсныг "Scotch Whisky Association" мэдээлжээ.

    unnamed (10).jpg

    “Вискиний хөрөнгө оруулалт Азийн зах зээл дээр аажим өссөөр, өргөжин тэлсээр байна. Виски удах тусмаа үнэ цэнтэй болдог нь бусад төрлийн эд хөрөнгөөс ялгарах өвөрмөц онцлог нь болдог. Тэр бүү хэл цар тахлын үед зарим эд хөрөнгийн үнэ цэн буурч байхад вискиний үнэ цэн өсөлттэй хэвээр байсан, огт буураагүй. Тэгэхээр цар тахал, байгалийн гамшиг гээд ямар ч зүйл тохиолдсон виски үргэлж эрэлттэй байх нь харагдаж байна. Гагцхүү дэлхийн хүн амын тоо буурахад л вискиний эрэлт багасах байх” хэмээн “Cask Master Hongkong”-ийн Худалдан авалт хариуцсан захирал Жером Чалис “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих