Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
Технологийн компаниуд ээлж дараалан мянга мянган ажлын байраа цомхотгосоор байна. Ажилтныхаа тоог цөөлөх дараагийн компани нь “Dell” болж байгаа бөгөөд тус компанийн суурин компьютерын борлуулалт эрчимтэй буурч байгаагаас 6650 ажлын байраа цомхотгоход хүрчээ.
Энэхүү цомхотгол нь “Dell”-ийн олон улс дахь нийт ажилтных нь тооны таван хувьтай тэнцэж байна. 2022 оны гуравдугаар сард гаргасан тус компанийн тайлангаас харвал нийт ажилтных нь гуравны нэг АНУ-д суурьшин ажилладаг аж.
Даваа гарагт Нью-Йоркийн Хөрөнгийн биржид “Dell”-ийн хувьцааны ханш 3.3 хувиар унасан бол технологийн компаниуд давамгайлдаг “Nasdaq” индекс дээр 0.7 хувиар унажээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үеэр “Dell” болон бусад компьютер, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид эрэлтээ дийлэхгүйд хүрч байлаа. Харин 2022 оны IV улирлын урьдчилсан тооцооллоор суурин компьютерын нийлүүлэлт огцом буурсныг “IDC” мэдээлсэн юм.
Тайланд дурдсанаар технологийн томоохон компаниудаас “Dell”-ийн үзүүлэлт хамгийн их буурсан байсан бөгөөд 2021 онтой харьцуулахад компьютерын нийлүүлэлт нь 37 хувиар буурсан аж. “Dell” компани орлогынхоо 55 хувийг суурин компьютерын борлуулалтаас бүрдүүлдэг.
Түүнчлэн тус компани өмнө нь шинэ ажилтан авахаа зогсоох, томилолт төлөвлөхгүй байх зэргээр зардлаа танах алхмууд хийсэн ч хангалттай бус байгааг “Dell”-ийн Үйл ажиллагаа хариуцсан туслах захирал Жефф Кларк ажилтнууддаа мэдэгдсэн байна. Харин алба, хэлтсүүдээ дахин хуваарилж, ажлын байрыг цөөлөх нь ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн компанийн удирдлагууд үзэж байгаа ажээ.
Ажлын байрны цомхотгол сүүлийн саруудад технологийн салбарт эрчимтэй өрнөж байгаагийн дотор “Dell”-ийн өрсөлдөгч компаниуд ч багтаж байна. Суурийн компьютер үйлдвэрлэгч “HP” компани гэхэд л өнгөрсөн оны 11 дүгээр сард 6000 ажилтнаа цомхотгохоо зарласан бол “Cisco Systems”, “IBM” компани тус тус 4000 орчим ажилтнаа халахаа мэдэгдэж байсан юм.
“Challenger”, “Gray & Christmas” зөвлөх үйлчилгээний байгууллагын судалгаанаас үзэхэд 2022 онд технологийн салбар нийт 97 мянга 171 ажлын байр цомхотгохоор зарласан нь өмнөх жилийн үзүүлэлтээс 649 хувиар өндөр байгаа аж.