
"Elixir Energy" 2023 онд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын хүрээнд есөн цооног өрөмдөх төлөвлөгөөгөө саяхан зарласан. Номгон талбайн нөөц бололцоог хэрхэн тооцоолж байгаа вэ? Та хувьдаа хайгуулын ажлыг хэрхэн үнэлж байна вэ?
Бид Монголд 2019 оны сүүлээс хойш өрөмдлөг явуулж байгаа. Цар тахлын үеэр ч үргэлжилсэн. Таны дурдсанчлан энэ онд есөн цооног өрөмдөхөөр төлөвлөсөн. Үүнээс дөрвөн цооногийн өрөмдлөг нь өмнөх нээлтээ үнэлэх зорилготой. Харин үлдсэн тав нь хайгуулын зорилготой. Мэдээж илрүүлсэн нөөцөөсөө илүү их нээлт хийхийг зорьж байгаа. Үүний хажуугаар бас туршилтын төслөө явуулж байна. Энэ хүрээнд нүүрсний давхаргын усыг зайлуулахаар ажиллаж байгаа. Энэ оны туршид эдгээр ажлаа өрөмдлөгийн хажуугаар үргэлжлүүлнэ.
H2 төслийн талаар ярилцъя. Бидний олж мэдсэнээр "Elixir Energy" уг ногоон устөрөгчийн төсөл дээр "Toyota Tsusho" корпорацын эзэмшдэг "Terras Energy" компанитай хамтарч байгаа. "Terras Energy" компани энэхүү төсөлд ямар хувь нэмэр оруулах вэ? Хамтын ажиллагаа ямар ач холбогдолтой вэ?
"Terras Energy" бол Монголын хувьд нөлөө бүхий хөрөнгө оруулагч. Тавантолгойн ойролцоо байрлах “Цэций” салхин цахилгаан станцын төслийн гол хамтрагч компани. Мөн Монгол Улсад хөгжүүлэлтийн өмнөх шатандаа яваа салхины эрчим хүчний төслүүдэд оролцоотой. Энэ утгаараа Монголын өмнөд бүс нутгийн дэлхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцооны талаар маш их мэдээлэлтэй. Ногоон устөрөгчийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний маш сайн нөөц хэрэгтэй. Монголд ийм хэмжээний нөөц байгаа. Мөн урт хугацаанд нийлүүлэлт хийх боломжтой зах зээлтэй ойрхон байх хэрэгтэй. Монголын өмнөд нутаг дэлхийн гангийн болон эрчим хүчний хамгийн том зах зээл болох БНХАУ-тай хиллэдэг.
"Elixir Energy" саяхан "Gobi H2" төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Та энэхүү төслийн боломж бололцоо, ирээдүйг та хэрхэн харж байгаа вэ?
Техник эдийн засгийн үндэслэл нь анхан шатны туршилтын хөтөлбөртэй холбоотой. Үүнд 10 мегаваттын электролизер, 30 мегаваттын нар, салхины эрчим хүчний эхний шатны ажлууд багтана. Төслийг эхэн үедээ устөрөгчийг бага хэмжээгээр үйлдвэрлэхээр загварчилсан. Энэ нь устөрөгчийн зах зээлийг бий болгох хугацааг бидэнд өгнө. Энэ хугацаандаа Засгийн газар, хэрэглэгчид, орон нутаг, хөрөнгө оруулагчдад төсөл хэрэгжих бүрэн боломжтойг харуулна. Монголд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээд дараа нь том хэмжээний төсөл эхлүүлэх боломжтой байдаг нь нэг давуу тал юм. Австрали, Чили, Намиби зэрэг өрсөлдөгч орнуудад хэрэгжиж буй төслүүд зөвхөн усан онгоцоор л экспорт хийх боломжтой байдаг. Усан онгоцоор тээвэрлэж байгаа нөхцөлд их хэмжээгээр үйлдвэрлэхээс өөр ямар ч аргагүй. Тэгэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүснэ. Монголд бол 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж болно. Энэ нь том хөрөнгө орууулалт хэдий ч өрсөлдөгч орнуудад шаардагдах хэдэн тэрбум ам.долларын санхүүжилттэй харьцуулахад бага дүн юм.
Ногоон эрчим хүчний салбарт гарч буй ахиц дэвшлээс харвал таны бодлоор ирэх таван жилд Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэж, экспортлох боломж бий юу?
Энэ нь Засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах амлалтаа мөрдөх эсэхээс хамаарна. БНХАУ 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэхээ зарласан. Энэ амлалтаа мөрдвөл Хятадын ногоон устөрөгчийн эрэлт асар их байх болно. Гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжих нүүрсний хэрэглээ, цементийн үйлдвэрлэл дэх байгалийн хийн хэрэглээг орлуулах цөөн тооны боломжит хувилбаруудын нэг нь ногоон устөрөгч юм. Маш их хэмжээний нийлүүлэлт шаардагдана. Ирэх таван жилд гэхдээ эрэлт их хэмжээгээр өсөхгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч тодорхой хэмжээнд туршилтын төслүүд явуулах хэрэгтэй. Дараагийн хэдэн арван жилд илүү томоохон хэмжээний төслүүд явах бэлтгэл болж өгнө.
Монголын уул уурхайн салбар ихэвчлэн дэд бүтэцтэй холбоотой сорилтуудтай нүүр тулдаг. "Elixir Energy" энэ сорилтуудыг давж, дэд бүтцийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
Урт хугацаандаа манай метан хий болон устөрөгчийн төслийн аль алинд нь дамжуулах хоолой шаардлагатай болно гэж бодож байна. Урд хөрш рүү болон дотоодод нийлүүлэлт хийх хоёр зах зээл бий. Олон улсын түвшинд авч үзвэл энэхүү дамжуулах шугам нь харьцангуй богинохон байна. Тэгэхээр инженерчлэлийн хувьд тийм ч их сорилт үүсэхгүй.
“Сибирийн хүч-2” төсөлтэй харьцуулбал Говиос БНХАУ руу устөрөгч, метан хий тээвэрлэхэд 4000 километр биш 400 километр л зам туулна. Зардал, техникийн сорилт үлэмж бага. Тэгэхээр зах зээл хөгжихөд хөрөнгийн зарцуулалт, мэргэжилтний нөөц бололцоо бэлэн байна гэж бодож байна.
Бүс нутгийн нэг давуу тал гэж ойлгогдож байна. Эдийн засаг болон байгаль орчны талаасаа Монголын уул уурхайн салбар дахь стратегийн зорилтоо бидэнтэй хуваалцаач.
Метаны талаас гэвэл бид хайгуулаа үргэлжлүүлж, хийн нөөцийн баазаа нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Тэр хугацаандаа мөн төслөө хөгжүүлэхэд туслах хамтрагч нарыг хайна. Эхний ээлжинд метан хийн жижиг зах зээлийг бий болгож, үүнийгээ аажмаар том зах зээл болтол нь өргөжүүлнэ. Устөрөгчийн стратеги ч үүнтэй төстэй. Түрүүн ярилцсанчлан эхлээд туршилтын төсөл хэрэгжүүлж, нөөц бололцоог нь одоо байгаа хөрөнгө оруулагчид болон Япон дахь хамтрагч нартаа харуулна. Гэхдээ ирээдүйд их хэмжээний боломж бололцоо байгаа учир илүү олон хамтрагчид манай төсөлд нэгдэх эсвэл ижил төстэй төсөл хэрэгжүүлэх боломжтой. Монголд устөрөгчийн нөөц бололцоо маш их байгаа нь танай улсын хувьд завшаантай хэрэг юм.
"Elixir Energy" компанид ямар шинэ боломжууд бас сорилтууд тулгарч байгаа вэ? Үүнийг даван туулахад хэрхэн бэлтгэж байна вэ?
Газрын тос, хийн компани гэдэг утгаараа эрчим хүчний шилжилт, энэ нь эрэлтэд хэрхэн нөлөөлөх нь томоохон сорилт болж байна. Ирэх олон арван жилд хийн эрэлт өндөр байна гэж харж байгаа. Санхүүжилтийн боломж бололцоо буурах эрсдэлтэй ч одоогоор газрын тос, байгалийн хийн чиглэлд хөрөнгө оруулалт хийгдсээр байна. Устөрөгчийн салбарын хувьд хөрөнгө оруулалт татахад илүү хялбар. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Миний бодлоор Монгол Улсад маш их боломж бололцоо байгаа. Эрчим хүчний шилжилтийн ачаар цэнэг хураагуур, сэргээгдэх эрчим хүчний технологид хэрэглэгддэг газрын ховор элементийн эрэлт өсөж байна. Цаашид зэс, кобальт, никель, бал чулуу, лити, газрын ховор элементийн эрэлт улам нэмэгдэнэ. Эдгээр түүхий эдийн ирээдүй маш гэгээлэг харагдаж байгаа. Тэгэхээр Монголд уламжлалт нүүрсний олборлолтын салбарыг өөр аж үйлдвэрээр орлуулах боломж бий.
Хууль эрх зүй, шүүх засаглалын чиглэлд тодорхой сорилтууд байгаа юу?
Миний бодлоор бүхий л улс оронд хууль журмыг сайжруулах орон зай бий. Хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газраас хүсэж байгаагийн дагуу татварын тухай хуулийг илүү сайжруулаасай гэж бидний зүгээс хамгийн их найдаж байна. Дээр нь газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг эргэн харж, сайжруулбал тодорхой ашиг тус гарна гэж бодож байна. Эдгээр нь бидний сайжраасай гэж хүсэж буй гол асуудлууд юм. Гэхдээ түрүүн дурдсанчлан улс орон бүрт л тодорхой асуудал байдаг. Манай компани Австралид тодорхой хэмжээний төслүүдэд оролцоотой байдаг. Саяхан Австралийн Засгийн газартай холбоотой бага зэрэг асуудлууд тулгарсан. Хууль, эрх зүй, улс төрийн сорилтыг зохицуулах нь ашигт малтмалын бизнесийн нэг хэсэг л дээ.
Ярилцсан: Ж.Зоригт