
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Өнгөрсөн оны өдийд БНХАУ-д ган болж, усан цахилгаан станцуудын ажиллагаа тасалдсанаар эрчим хүчний нүүрсний үнэ эрчимтэй өсөж байв. Жилийн дараа, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд БНХАУ-ын гол түлшний зах зээл хэрхэн өөрчлөгдөж буйг, мөн цаашдын төлөвийг харвал:
Зах зээлийн өнгө
Өмнөх онд тохиосон ган гачгаас авсан сургамж, мөн цар тахлын хатуу бодлогоо зогсоосноор эрэлт эрс өснө хэмээн болгоомжилж Бээжингээс олборлогчид, импортлогчдод хангалттай гэхэд багадахуйц хэмжээний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгосон нь эрчим хүчний нүүрсний зах зээлийн сүүлийн нэг жилийн өнгийг тодорхойллоо. Сүүлийн хэдэн долоо хоногт нүүрсний үнийн хөдөлгөөн харьцангуй тайван, бага зэргийн өсөлттэй байсан бөгөөд есдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар БНХАУ-ын хойд боомтуудад 5500 ккалын жишиг нүүрсний үнэ тонн нь 900-920 юаниар зарагдсаныг “SXCoal” мэдээлэв.
Нүүрсний импорт болон дотоодын олборлолтын хэмжээ аль аль нь дээд түвшинд хүрч, зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүссэн байдалтайгаар тус улс эрэлт оргил түвшиндээ хүрдэг хүйтний улиралтай золгож байна. Ерөнхийдөө намрын улиралд үйлдвэрлэлийн салбарт нь нүүрсний эрэлт нэмэгддэг бол энэ оны хувьд нийлүүлэгчдэд мөнхүү таатай байдал үүсэх шинж цөөн байгаа аж.
Цаг агаарын эрсдэл
“Daiwa Capital Markets” болон “Morgan Stanley”-ийн шинжээчид БНХАУ-д хэрэглээ сул байгаа нь нүүрсний үнийн цаашдын өсөлтийг хязгаарлана гэж үзэж байна. Хэдий тийм боловч сүүлийн үед давтамж нь нэмэгдэх болсон цаг агаарын ноцтой үзэгдэл дахин гарлаа гэхэд зах зээлийн төсөөлөл орвонгоороо эргэх юм.
Үүнээс гадна салбарын өөр нэг шүдний өвчин нь уурхайн ослууд болоод буй. Өнгөрсөн сард Шэньси мужид 11 хүний аминд хүрсэн ослын дараа компаниудын зохицуулалт дахин чангарч, үр дүн нь наймдугаар сарын олборлолтын мэдээгээр гарч байв.
Импорт ба боомтууд
“Citigroup”-ийн үзсэнээр байгалийн хийн үнийн өсөлтийг дагаад дэлхий дахинд нүүрсний үнэ өсөж магадгүй аж. Түүнчлэн юанийн ханш сул байгаа нь БНХАУ руу нүүрс экспортлох сонирхолд сөргөөр нөлөөлнө гэжээ. Тус улсын эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгч нь Индонез хэвээр бол импортын хоригоос гараад удаагүй байгаа Австралийн нүүрсний нийлүүлэлт дөрөвдүгээр сараас хойш сар бүр тогтмол таван сая орчим тоннд хадгалагдаж байна.
Харин Монгол Улсын хувьд энэ онд БНХАУ-ын коксжих нүүрсний нийт импортын бараг тал хувийг бүрдүүлж буй ч эрчим хүчний нүүрснийх нь импортын нэг орчим хувийг эзэлдэг хэвээр байна. Зүүн хилийн Бичигт, Хавирга боомтуудаар дамжуулан Монгол Улсын одоо гаргаж буй экспортын дүнтэй ч дүйцэхүйц хэмжээний эрчим хүчний нүүрс худалдан авах сонирхол БНХАУ-д байгаа гэж “Big Mogul Coal & Energy” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх онцолж байсан юм.