
Зургийг: Ting Shen/Bloomberg
Саарах шинж тэмдэг нь сул хэвээр буй АНУ-ын инфляцыг бүрэн дарахын тулд бодлогын хүүг дахин өсгөж, ирэх он гартал өндөр түвшинд хадгалах шаардлагатай байгааг Холбооны Нөөцийн банкны албан тушаалтнууд илэрхийлж байна.
“Бодлогын хүүг 5-5.25 хувьд хүргэж өсгөн, 2024 он гартал тухайн түвшинд хадгалах хэрэгтэй байна. Ингэснээр мөнгөний хатуу бодлого эдийн засагт бүрэн нэвтэрч, үр дүнд нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй нөхцөл байдал үүсэн инфляц саарна” хэмээн Атланта хотын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Рафаел Бостик онцолжээ.
Хэдийгээр АНУ-ын Төв банк мөнгөний бодлогоо 1980-аад оноос хойш байгаагүй өндөр эрчтэйгээр чангаруулаад буй ч инфляцын бууралтын шинж тэмдэг хүлээсэн хэмжээнд нь төдийлөн хүрэхгүй байна. Хоёрдугаар сарын хурлаараа мөнгөний бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 4.5-4.75 хувийн түвшинд хүргэсэн бол өнгөрсөн онд 75 суурь нэгжээр дөрвөн удаа, 50 суурь нэгжээр нэг удаа өсгөсөн юм.
“Ирэх хурлаар 25 юм уу 50 суурь нэгжээр өсгөхөд нээлттэй хандах болно. Бодлогын хүүгийн өсөлт үйлчилгээний салбарын үнийн өсөлтийг удаашруулж буй шинж төдийлөн ажиглагдахгүй байгаа нь миний санааг зовоож байна. Мөн инфляцын хоёр хувийн зорилтот түвшинтэй уялдахад цалингийн өсөлт хэт өндөр байна” хэмээн Миннеаполис хотын Холбооны Нөөцийн банкны Ерөнхийлөгч Нил Кашкари онцолж байна.
Орон сууцны үнийг хасан тооцсон үйлчилгээний салбарын суурь үнийн өсөлтийг тогтоон барихад одоогоор Төв банк гол анхаарлаа хандуулж байна. Өртгийн дийлэнх хувийг нь цалин бүрдүүлж буй тус салбарын үнийн өсөлт нэгдүгээр сард жилийн дүнгээр 4.6 хувь байсан нь 12 дугаар сарын дүн болох 4.3 хувиас өссөн үзүүлэлт болжээ.