
Эдгээр өдрүүдэд бидний дийлэнх нь хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа бололтой. "Conference Board" байгууллагын 2022 онд АНУ-д явуулсан судалгаагаар ажил эрхлэгчдийн сэтгэл ханамж 40-өөд жилийн өмнө анх энэ үзүүлэлтийг бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь өндөр цалин, сайн тэтгэмж, мөн өдөр ирэх тусам уян хатан болж буй ажлын зохицуулалтын эерэг нөлөө аж.
Аливаа ажил сэтгэл ханамжийг мэдрүүлдэг байх ёстой гэдэг нь харьцангуй орчин үед гарч ирсэн ойлголт юм. Дундад зууны тариачид шороо хүрздэж, тариа цайруулах ажил нь сэтгэл ханамжийг мэдрүүлж байна уу гэж өөрсдөөсөө асуудаггүй байсан нь мэдээж. Үнэндээ ажил мэргэжил зөвхөн биет мөнгө бус сэтгэл зүйн "ногдол ашиг"-ийг танд төлдөг байх хэрэгтэй гэсэн санаа XX зуунаас өмнө амьдарч байсан ихэнх хүнд хачирхалтай санагдах байв.
Гэтэл хожим нэг зүйл өөрчлөгдөв. Энэхүү өөрчлөлтийг авчирсан гавьяаны багагүй хувийг ажлаас сэтгэл ханамж мэдэрч чадалгүй залуу насаа өнгөрөөсөн Роберт Хоппок хэмээх эр хүртэнэ. Зүрх сэтгэлийнхээ дуудлагыг эцэст нь олохдоо тэрбээр зөвхөн өөртөө аз жаргалыг авчраад зогсохгүй бидний хувьд ажил мэргэжлийг хүссэндээ хүрэхийн тулд хийх ёстой зүйл биш, харин хүссэндээ хийдэг зүйл болгон хувиргасан юм.
100 гаруй жилийн өмнө ажилчид хийж байгаа ажлаа юу гэж боддог нь компанийн нийт ашиг орлогод нөлөөлдөг гэдгийг сэтгэл зүйчид хэдий хоцорсон ч гэсэн нээж илрүүлсэн үеэс энэхүү түүх эхэлдэг. 1930 онд нэгэн судлаач энэ талаар "Удирдлагын зүгээс ажилтны хандлагад анхаарал хандуулах нь хандлага бол үр ашгийг тодорхойлох чухал хүчин зүйлсийн нэг гэж үздэгээс үүдэлтэй" гэж бичиж байжээ.
Хэдий тийм боловч ажилтны хандлагыг хэмжих арга үнэхээр байгаагүй, тэр байтугай асуудлыг дүрслэн ойлгуулах үг, нэршил ч тухайн үед байсангүй. Ингээд Роберт Хоппок ажилтны хандлагад хэмжүүр олох бүүр түүрхэн сонирхлоо илүү утга учиртай, бүр ухамсрын гэмээр ойлголт болгон сайжруулахаас өөр аргагүй болсон нь хийж буй ажил маань бидэнд таатай мэдрэмж, тэр дундаа сэтгэл ханамжийг мэдрүүлдэг байх хэрэгтэй гэсэн санаа юм.
ХХ зууны эхэн үед АНУ-ын Нью-Жерси мужийн Ламбертвилльд төрж өссөн Роберт Хоппок өөрийгөө "хүсэл эрмэлзэлгүй, бусдаас дутуу нэгэн" хэмээн тодорхойлдог байв. Сургуульд бараг онц дүн авч үзэлгүй сурч байсан тэрбээр төгсөөд хэрхэн амьдрах талаараа юу ч мэдэхгүй байлаа. Харин нэг өдөр сургуульд нь урилгаар ирсэн нэгэн илтгэгч тухайн үедээ сонирхолтойд тооцогдохоор нэгэн санааг дэвшүүлжээ.
Хожим Роберт Хоппокийн дурссанаар тэрхүү илтгэгч карьераа сонгох, төлөвлөх нь хэчнээн чухал байдаг тухай ярьсан бөгөөд тэр дундаа хүн дуртай ажлаа хийвэл энэ нь тухайн хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад дэм болдог тухай онцолж байжээ. Энэ мөчөөс хойш Роберт Хоппок ажил мэргэжлийг амь зуух арга бус сэтгэл хангалуун байдлыг мэдрэх арга талаас нь илүү бодож эхэлсэн байна.
Хэдий тийм боловч тэрбээр их сургуулиас сэтгэл ханамжийг мэдрээгүйн дээр эхний хэдэн жилдээ хийсэн аяга угаагч, шуудан зөөгч, бичээч зэрэг ажлууд нь байдлыг дээрдүүлэх биш улам дордуулав. Аргаа барсан тэрбээр хүний царайг шинжээд тохирох ажлыг нь олж өгдөг гэх нэгэн дээр очоод духныхаа өргөнийг хэмжүүлтэл цаадах нь зар сурталчилгааны ажил олж хий гэжээ. Мэдээж Роберт Хоппок тэр ажлыг ч гэсэн үзэн яджээ.
Боломжтой ажлын байрнуудын мэдээлэл судалж байхдаа тэрбээр шинээр гарч ирсэн "мэргэжлийн чиг баримжаа олгохуй" хэмээх нэгэн боловсролын салбарыг анзаарчээ. Оюутнуудыг тохирсон карьерт нь чиглүүлж өгөх зорилготой тус салбарт хожим тэрбээр ажилд орж, өнөө цагт "мэргэжил сонголтын зөвлөх" хэмээн бидний нэрлэдэг ажлыг улсын нэгэн ахлах сургуульд хийх болсон байна.
Ажилгүй иргэд, жижиг хотын оршин суугчид, багш нар гээд өөр хоорондоо ялгаатай нийгмийн бүлгүүдэд ажиглалт хийсний эцэст тэрбээр дөрвөн энгийн асуултаар мэдэж болох нэн чухал өгөгдлийг олж нээсэн юм.
Хоёрдугаар асуултыг авч үзье: "Ажлаа солих талаарх таны бодлыг дараах зүйлсээс аль нь хамгийн сайн тайлбарлаж байна вэ?" Хариулагч үүнд хариулт №1-ээс ("Боломж л олдвол би энэ ажлаас гарна") хариулт №7 хүртэлх ("Би энэ ажлыг өөр ямар ч ажлаар солихгүй") сонголтуудаас нэгийг сонгож хариулах ёстой. Сэтгэл ханамжийн янз бүрийн түвшин сонголтууд дунд багтсан бөгөөд тухайлбал хариулт №5 нь "Би ажлаа солихыг тийм ч ихээр хүсэхгүй байна, гэхдээ илүү дээр ажил гарч ирвэл солино" байх аж.
1935 онд Роберт Хоппок өөрийн алдарт судалгаа "Ажлын сэтгэл ханамж"-аа хэвлүүлжээ. Судалгаагаар түүний илрүүлсэн зүйлс тийм ч гайхширал төрүүлэхээргүй байлаа. Ур чадвар их шаарддаг ажил хийдэг хүмүүс, түүнчлэн ахмад туршлагатай ажилтнууд, хамтрагчидтайгаа ойр дотнын холбоо харилцаатай ажилтнуудад сэтгэл ханамжийн түвшин өндөр байлаа. Гол нь ажлын сэтгэл ханамж бол судалгаа, хэмжилт шаарддаг зүйл, мөн ажилтнууд ямагт хамгийн таатай боломжийг эрэлхийлэх ёстой гэсэн санааг алдаршуулсан нь Роберт Хоппокийн жинхэнэ гавьяа юм.
Хувь хүний сэтгэл хангалуун байдалд чиглэсэн соёлын өөрчлөлт 1960-1970 оны үед шинэ түвшинд хүрэхтэй зэрэгцэн ажлын сэтгэл ханамжийг бүрдүүлэх сонирхол улам нэмэгдэв. Яваандаа ажил нь аз жаргалгүй гэрлэлтийн нэгэн адил тухайн хүний сэтгэл зүйн хэрэгцээнд нийцэхгүй бол орхиод явах хэрэгтэй зүйл болон өөрчлөгдлөө. Үнэ цэнтэй ажилтнаа авч үлдэх хүсэлтэй менежерүүд үүнд улам анхаарах болов.
Хэдий тийм боловч 1980-аад оны эхэн үед цалин хөлс буурч, ажлын байрны баталгаагүй байдал хүчээ авснаар ажлын сэтгэл ханамж алгуур буурч эхэлжээ. 1987-2010 оны хооронд ажлаасаа сэтгэл ханамж авдаг хэмээн өөрийгөө тодорхойлсон ажилтнуудын эзлэх хувь 61 гаруй хувиас 42 хувь болон буурчээ. Түүнээс хойш энэ нь удаан боловч тогтвортой сэргэсээр өнгөрсөн долоо хоногт бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн нь энэ юм.