
Зургийг: СЗХ
IPO хийхээр төлөвлөж буйгаа тавдугаар сард мэдэгдэж байсан “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгох хувьцааг бүртгэснийг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Одоогоор тус компанийн харьяанд нийт найман охин компани багтаж, импорт, экспорт, транзит болон дотоодын тээвэрт үйл ажиллагаа явуулж байна.
Мөн СЗХ ээлжит хурлаараа “Ашид Капитал” ББСБ ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг бүртгэсэн байна. Тус бонд нь дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компанийн бонд болох аж. Ингэснээр дотоодын компаниудад зэрэглэл тогтоолгож, барьцаагүйгээр өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүжилт татан төвлөрүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломж ийнхүү бүрдсэнийг СЗХ онцолжээ.
Түүнчлэн “Инвескор Ассет Менежмент” ҮЦК ХХК-ийн үүсгэн байгуулж байгаа “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан бүртгэгджээ. Ангилалдаа мөн л анхдагч болж байгаа тус сан бүртгэгдсэнээр хөрөнгө оруулагчид шинэ төрлийн бүтээгдэхүүн авах, олон улсын томоохон компаниудын хувьцааны өгөөжийг сангаараа дамжуулан хүртэх боломжтойг тодотгосон байна.
СЗХ “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталж, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгожээ. Ингэснээр өрийн хэрэгслийн зах зээл болон зэрэглэл тогтоох үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг, компаниудад санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах давуу тал бүрдсэн гэжээ.