Зургийг: Gabby Jones/Bloomberg
“OpenAI” компанийн хиймэл оюунд суурилсан “ChatGPT" чатботыг хүссэн компани өөрийн аппликейшнтэй холбох боломжтой боллоо. Тус компанийн хувьд олны анхаарлыг ихэд татаад буй чатбот үйлчилгээгээ нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.
“ChatGPT”-ийг “OpenAI” өнгөрсөн оны 11 дүгээр сард олон нийтэд анх танилцуулж байсан юм. Одоо тус компани чатботоос асуулт асуух, чатботыг өөрийн аппликейшн болон бүтээгдэхүүнд холбох хүсэлтэй бизнесүүд болон программ хөгжүүлэгчдэд төлбөртэй үйлчилгээ санал болгож байна.
Харин “ChatGPT API” хэмээх нэмэлт моделийг “Instacart”, “Shopify”, “Snap” зэрэг компаниуд аль хэдийн хэрэглэж эхэлснийг “OpenAI”-ийн Сан Франциско дахь төлөөлөгч мэдэгдсэн байна.
“ChatGPT” нь мөн хиймэл оюуны тусламжтай текст, зураг бүтээгч “DALL-E” системтэй холбоотой аж. “DALL-E” нь өнгөрсөн онд нийтэд хамгийн их хүрсэн хиймэл оюун ухаант систем болж байсан юм.
Хэдий тийм боловч “OpenAI” компанид орлогоо хурдацтай нэмэгдүүлэх, үүлэн тооцооллын үйлчилгээ ашигласны их хэмжээний төлбөрийг төлөх арга зам олох шаардлага тулгараад байна.
Энэ оны нэгдүгээр сард “OpenAI” нь “Microsoft” компаниас 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.
Харин хоёрдугаар сараас “ChatGPT”-ийг өөрийн аппликейшнд холбох хүсэлтэй байгууллага, программ хөгжүүлэгчдийг бүртгэж эхэлжээ. Өдгөө “ChatGPT”-ийн тусгай хувилбарыг хувь хүмүүст борлуулж байгаа юм.