logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Кожи Курушима: Хиймэл оюун, VR, AR технологиуд хүний амьдралд үнэ цэн нэмнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 03 15:26
    958

    “Мобиком корпорац”-ын Гүйцэтгэх захирал Кожи Курушима

    “Мобиком корпорац”-ын Гүйцэтгэх захирал Кожи Курушиматай ярилцлаа

    - 2050 он хүртэлх ирэх 30 жилийн хугацаанд ямар технологи хүн төрөлхтний амьдралд хувьсал хийх бол?

    - Сонирхолтой асуулт байна. Үнэнийг хэлэхэд би 2050 оны талаар огт бодож байсангүй. Мэдээж бид яг энэ цаг үед 30 жилийн дараах ирээдүйг урьдчилан хэлж чадахгүй. Миний бодож байгаагаар хиймэл оюун ухаан, VR, AR зэрэг технологиудын хүний амьдралын үнэ цэнийг нэмэгдүүлэх байх. Хиймэл оюун ухаан нь өнөөгийн хүн төрөлхтний хийдэг зүйлсийг орлох боломжтой. Тэр чигт нь биш юм аа гэхэд зарим талаараа. Тэгэхээр хүмүүс машины хийж чаддаггүй зүйлсийг хийж эхэлнэ гэсэн үг. Энэ нь өөрөө хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

    VR, AR гэхээр хүмүүс тусгай нүдний шил, эсвэл аппликэйшний тусламжтай гурван хэмжээст, дөрвөн хэмжээст орчныг харна гэж ойлгодог. Эдгээр нь нэг ёсондоо бидний мэдрэх боломжтой дижитал дэд бүтцийг бий болгож байгаа юм. Тиймээс л виртуал бодит байдал гэж байгаа. Магадгүй та аялахын тулд заавал гадаад улс руу явах шаардлагагүй болно. Улаанбаатарт гэртээ Хавай арлын уур амьсгалд амрах гэх мэтээр Монголд байхдаа бусад оронд аялснаас ялгаагүй мэдрэмжийг авдаг болох байх. 

    Миний бодлоор эдгээр технологиуд нь одоогоор хараахан гүйцэд хөгжөөгүй байгаа тул олон компани энэ талд чадах бүхнээ хийх болов уу. Тиймээс ирэх 30 жилд эдгээр технологиуд илүү хөгжиж, бидний амьдралд илүү гүнзгий нэвтэрснээр томоохон өөрчлөлт гарна гэж бодож байна.

    - Бүтээгдэхүүнүүдийнхээ хувьд ямар бодлого баримталж байна вэ?

    - Одоогоор бид OTT үйлчилгээний “VOO”, финтекийн “MonPay” гэсэн өмнө байсан үйлчилгээнүүдээ хөгжүүлж, хэрэглэгчийн амьдралын нэг хэсэг болгохоор ажилласан хэвээр байна. Хэдий тийм боловч нөгөө талаас цар тахлын улмаас хүмүүс биечлэн уулзах, биечлэн үйлчилгээ авах нь хязгаарлагдсан. Тэгэхээр бид ямар нэг бүрэн автомат үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг болох шаардлага байгаа гэж харж байна. Магадгүй заавал гар утасны үйлчилгээ авахын тулд “Мобиком” дээр биечлэн очих шаардлагагүй болох юм.

    Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээг хэрэглэгч эхнээс нь дуустал заавал салбар дэлгүүр дээр биечлэн очихгүйгээр, бас "Мобиком"-ын ажилтантай харьцахгүйгээр үйлчилгээгээ авдаг болгохыг зорьж байна. Бид үүнийгээ дижитал бүтээгдэхүүн гэж нэрлэж байгаа, ойрын хугацаанд энэ төрлийн зүйл танилцуулна гэж найдаж байна. Одоогоор хөгжүүлэлтийн үе шатандаа явж байгаа гэж хэлж болно. 

    - “Monpay”-ийн хувьд ирээдүйг хэрхэн харж байна вэ? Зах зээл хэр өрсөлдөөнтэй байна вэ?

    - Үнэндээ “MonPay” тэлсээр байгаа ч өсөлт бидний төсөөлж байсан хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүнээс илүү байх боломжтой гэж үзэж байгаа. Миний бодлоор хамгийн чухал нь хүмүүс цар тахлаас болоод бэлэн бусаар тооцоо хийх нь эрс нэмэгдсэн, картаар, POS машинаар дамжуулан үйлчилгээ хийх болсон. Миний анзаарснаар хүмүүс ихэвчлэн карт ашиглаж тооцоо хийж байна. Мөн "MonPay" болон бусад өрсөлдөгч үйлчилгээнүүдийг ч ашиглаж байна.

    Хэдий тийм боловч миний бодлоор хүмүүс карт ашиглахыг илүүд үзэж байна. Тэгэхээр бидний үндсэн санаа бол хэрхэн бүрэн аппликейшнээр төлбөр төлдөг болохоос өмнө картаар тооцоо хийдэг энэхүү зах зээлд нэвтэрч болох вэ гэдэг байна. Бид одоо ч энэ төрлийн дижитал мөнгө хэрэглэгчдийн төлбөрийн шийдлийн гол тоглогч байж чадах бодит боломжуудыг судалж байна.

    Cэтгэгдэл бичих