Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Санах ойн чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Samsung Electronics" компани ажлын уян хатан хуваарийг улам чухалчлах болсон чадварлаг ажиллах хүчнээ авч үлдэх зорилгоор БНСУ дахь ажилтнууддаа сар бүрийн нэг баасан гарагт цалинтай чөлөө олгохоор болжээ. Ингэснээр компанийн үйлдвэрээс бусад нэгжид, бүтэн цагаар ажилладаг ажилтнуудад цалингаа авах долоо хоногт нь буюу сар бүрийн 21-ний өдөр бүхий долоо хоногт нэг өдрийн чөлөө олгохыг "Samsung Electronics"-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх энэхүү арга хэмжээ нь "Samsung Electronics"-ийн хувьд өнгөрсөн онд дээрхтэй төстэй уян хатан ажлын долоо хоногийг нэвтрүүлсэн дотоодын өрсөлдөгч "SK Hynix"-ийн алхмыг дагасан явдал болж байна. Тус компани долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг бол сарын нэг баасан гарагт чөлөө авах эрхийг ажилтнууддаа олгосон юм. Түүнчлэн сошиал сүлжээний "Kakao" зэрэг БНСУ-ын технологийн бусад компаниуд цар тахлын дараагаар ажлын илүү уян хатан хуваарийг нэвтрүүлээд байгаа аж.
268 мянга гаруй ажилтных нь бараг тал хувийг солонгосчууд бүрдүүлдэг ""Samsung Electronics" компанийн дээрх алхам нь хүмүүсийн ажиллах арга барилыг цар тахал хэрхэн гүн гүнзгий өөрчилснийг, түүгээр зогсохгүй харьцангуй хуучинсагт тооцогддог ажлын соёлтой улсуудад ч энэхүү шилжилт хэр эрчимтэй явагдаж байгааг илтгэж байна. Солонгосчууд хэт ачаалалтай ажилладгаараа дэлхийд тэргүүлдэг үндэстнүүдийн нэг бөгөөд 2021 онд тус улсын иргэд ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дунджаас 200 цагаар илүү ажилласныг судалгаагаар тогтоож байв.
Түүнчлэн дээрх арга хэмжээ нь ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг эрхэмлэдэг залуу ажилтнуудад илүүтэй чиглэжээ. Миллениалууд болон “Z” үеийнхэн "Samsung Electronics"-ийн дэлхий даяарх нийт ажиллах хүчний 75 орчим хувийг бүрдүүлж байгааг тус компанийн 2022 оны тайланд дурджээ.