
Зургийг: Bloomberg via Getty Images
“Rio Tinto” Канадын Баруун хойд нутагт орших Диавик очир эрдэнийн уурхайгаа эрчим хүчээр хангахаар тус улсын хамгийн том нарны цахилгаан станц барих болсноо мэдээллээ.
Шинэ станц нь жилд 4200 мВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж уурхайн нийт хэрэгцээний 25 хувийг хангахыг зэрэгцээ дизель түлшний хэрэглээг жилд нэг сая гаруй литрээр, CO2 ялгаруулалтыг 2900 тонноор бууруулах боломжтойг онцолжээ.
Станцын бүтээн байгуулалтын ажил ирэх долоо хоногуудад эхлэх бөгөөд 2024 оны эхний хагаст бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
“Rio Tinto” компани 2050 он гэхэд бүх үйл ажиллагаандаа нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэхийн зэрэгцээ 2030 он гэхэд хүлэмжийн хийн шууд болон шууд бус хэлбэрийн ялгаруулалтаа 50 хувиар бууруулах зорилт тавиад байгаа юм.
Тус компанийн 100 хувь эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг Диавикийн уурхай нь Канадад үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд жил бүр 3.5-4.5 сая карат түүхий очир эрдэнэ олборлодог байна.