
Олон улсын үнэлгээний “S&P Global Ratings” байгууллага “Mongolian Mining Corporation” компанид зээлжих зэрэглэл тогтоохоо зогсоосон байна.
“S&P Global Ratings” Хонгконгийн Хөрөнгийн биржид “Mongolian Mining Corporation” компанийн өөрийнх нь хүсэлтээр урт хугацааны зээлжих зэрэглэл болох “CCC” үнэлгээгээ татлаа.
Мөн бондын үнэлгээ болох “CCC” үнэлгээгээ мөн татсан байна. “S&P Global Ratings” зэрэглэл тогтоохоо зогсоохоос өмнө “Mongolian Mining Corporation”-ийг ирэх 12-15 сарын хугацаанд ам.долларын бонддоо дефолт зарлах эрсдэлтэй гэж үзэж байсан юм. Үүнийгээ компанийн материаллаг хөрвөх чадвар сул байгаатай холбон тайлбарласан байна.
Монгол Улс нүүрсээ цахимаар арилжиж эхлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор гурван компани нүүрсээ цахим платформоор арилжихаар байгаа юм. Энэхүү платформоор тус компанийн 12 мянга 800 тонн нүүрсийг арилжиж, нэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд тээвэрлэлтээ хийсэн байна.
Сүүлийн байдлаар буюу 2022 оны IV улиралд тус компанийн нүүрс олборлолт өмнөх улирлаасаа 49 хувиар өсжээ. Өнгөрсөн онд III, IV улирлын түүхий нүүрсний олборлолт нь жилийн нийт үйлдвэрлэлийн 84 хувийг бүрдүүлсэн байна.