
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 108 хувьцаат компанид кодексийн хэрэгжилтийн тайланг хянан баталгаажуулахад 2023 оны I улирлын байдлаар кодексийн нөхцөл байдлын үнэлгээ 53.3 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.
Үүний дараа компани тус бүрд зөвлөмж, хугацаатай үүрэг өгч зургаадугаар сард биелэлтийг тооцсон давтан үнэлгээгээр кодексийн хэрэгжилт дунджаар 12.7 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
“Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ болон зах зээлийн үнэлгээний харилцан хамаарлын хувьд 100 тэрбумаас дээш үнэлгээтэй компанийн кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 87.9 хувьтай гарсан байна. Энэ нь 100 тэрбум төгрөгөөс доош үнэлгээтэй компаниудаас 20 орчим хувиар өндөр үзүүлэлт боллоо.
Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компаниудын хувьд өмнөх улирлаас 18.4 хувиар, II ангиллын компаниуд 14.9 хувиар, III ангилалд бүртгэлтэй компаниудынх 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
I ангилалд бүртгэлтэй компаниудын сул хэрэгжсэн үзүүлэлтэд комплайнсын хэрэгжилтийн үр дүн багтжээ. Харин II, III ангилалд бүртгэлтэй компаниудын сул үзүүлэлтэд кодекст нийцүүлсэн цахим хуудасны шинэчлэлт, ТУЗ-ийн гишүүдэд чиглүүлэх болон чадваржуулах сургалт зэрэг багтсан байна.
Нийт ангилалд ТУЗ-ийн дэргэдэх хороодын бодлого журам зохицуулалт нь хэрэгжсэн сайн үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.