
Зургийг: president.mn
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Монгол Улсад хийсэн айлчлалаар хоёр улсын хамтарсан ураны төсөл болох “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээг ирэх намар байгуулахаар тохиролцлоо. Мөн бусад чухал ашигт малтмал экспортлох чиглэлд хамтрахаар тохиролцсон гэж Франц улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Хэрвээ ураны төсөл амжилттай хэрэгжвэл “Оюу Толгой” төслийн дараа орох томоохон төсөл болно гэж албаныхан үзэж байгаа юм. Мөн төлөвлөгөөний дагуу явбал төслийн үйлдвэрлэл 2028 онд эхэлнэ гэж “Бадрах энержи” компанийн захирал мэдэгдэж байв.
Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт БНФУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллахаар хоёр улсын Ерөнхийлөгч тохиролцлоо.
Хамтарсан мэдэгдэлд цөмийн эрчим хүчний асуудал шууд дурдагдаагүй ч хамтын ажиллагааны чиглэлд цөмийн эрчим хүчтэй холбогдох асуудал олон байгаа нь хоёр улс цаашид атомын цахилгаан станц байгуулах асуудлаар хамтрах боломжтойг харууллаа.
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон
Үүнээс гадна Монгол, Франц улсын худалдааны эргэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх хууль эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийг онцгойлон дэмжих, Монгол Улс, Европын Холбоо хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлан хоёр улсын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, худалдааг хөнгөвчлөх ерөнхий систем /GSP+/-ийг бүрэн хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Франц улсын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, Францын хооронд шууд нислэгтэй болохыг дэмжихээр тохиролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх