Есдүгээр сард АНУ-ын хэрэглээний үнийн индексийн өсөлт шинжээчдийн таамгийг давж, сүүлийн 40 жилийн хамгийн дээд түвшинд хүрснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ улам өндөр дүнгээр, илүү эрчтэй нэмэх шаардлага үүсэж байна.
Хүнс, эрчим хүчний үнийг тооцоогүй суурь үнийн индекс өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өссөн нь 1982 оноос хойш бүртгэгдээгүй дүн болохыг АНУ-ын Хөдөлмөрийн яамны пүрэв гарагт гаргасан тайлангаас харж болохоор байгаа юм. Мөн өмнөх сартай харьцуулахад суурь инфляц 0.6 хувиар өссөн байна.
Харин хэрэглээний үнийн индексийг өргөн зураглалаар харвал өмнөх сараас 0.4 хувийн, өмнөх оны мөн үеэс 8.2 хувийн өсөлт үзүүлжээ.
Энэхүү өсөлтөд орон сууц, хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэ гол жин дарсан бол шатахуун, хуучин автомашины үнэ буурсан үзүүлэлттэй байгааг тайланд дурджээ.
Инфляцын тайлан ийм үр дүнтэй гарснаар АНУ-ын Холбооны Нөөцийн банк 11 дүгээр сарын уулзалтаараа бодлогын хүүгээ дахин 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх нь улам баттай болоод зогсохгүй 12 дугаар сард ч мөн ижил дүнгээр өсгөнө гэсэн хүлээлт үүсээд байна. Холбооны Нөөцийн банк гуравдугаар сараас хойш мөнгөний бодлогоо таван удаа чангаруулсан бөгөөд хамгийн сүүлд есдүгээр сард 75 суурь нэгжээр нэмэгдүүлж 3-3.25 хувьд хүргэсэн юм.
“Хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт зах зээлд цочрол өгч, хөрөнгийн зах зээлийг уналтад орууллаа. Ялангуяа үйлчилгээний инфляц өндөр түвшинд хадгалагдаж байна” хэмээн “Morgan Stanley”-ийн Ахлах эдийн засагч Сет Карпентер “Bloomberg”-т ярилцлага өгөхдөө онцоллоо.
Энэ удаагийн тайлан нь АНУ-ын эдийн засгийн бүх салбарт инфляц өргөжиж, иргэдийн орлогод нөлөөлснөөр олон хүн хадгаламж, кредит картдаа найдахаас өөр аргагүйг болсныг харуулж байна.
Мөнгөний бодлого тодорхойлогчид 1980-аад оноос хойш анх удаа бодлогын хүүг хамгийн эрчтэйгээр чангаруулж байгаа хэдий ч АНУ-ын хөдөлмөрийн зах зээл болон хэрэглэгчийн эрэлт рүү чиглэсэн нөлөөлөл нь бага хэвээр байна. Бизнесүүд ажилтнуудыг татах, эсвэл үлдээхийн тулд цалин хөлсөө нэмэгдүүлж байгаагаас есдүгээр сард тус улсын ажилгүйдлийн түвшин 50 гаруй жилийн хамгийн бага түвшинд хүрээд байна.