
Зургийг: С.Батсайхан
"Монгол Улсын эдийн засгийн сэргэлт богино хугацааных байж магадгүй"-г үнэлгээний “Fitch Ratings” агентлаг анхаарууллаа. 2023 он гарсаар Монгол Улсын гадаад худалдаа эрчимжиж, түүхий эдийн экспорт эргэн сэргэсэн нь гадаад орчны эрсдэлүүд тогтворжиход нөлөөлсөн ч төсөв болон экспортын сайн гүйцэтгэл түр зуурынх байх төлөвтэй гэж “Fitch Ratings” үзжээ. Тодруулбал: ирэх жилүүдэд гадаад санхүүжилтийн эмзэг байдал даамжирч, төлбөрийн тэнцэл болон төсвийн алдагдалд хүргэж магадгүй гэж үзсэн байна. Мөн гадаад өрийн хэмжээ нэмэгдэх сөрөг нөлөө дагуулах өндөр магадлалтай байна гэж анхааруулж байгаа юм.
Оны эхний есөн сард Монгол Улс 49 сая тонн нүүрс экспортолсон нь Засгийн газрын төсөөллийг давсан зэрэг түүхий эдийн экспортын сайн гүйцэтгэл нь Монгол Улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа гэх мэт зээлийн хэмжүүрүүдэд богино хугацааны эерэг нөлөөлөл дагуулсан байх төлөвтэй гэж Fitch Ratings” онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын зарцуулалт энэ оны IV улиралд урьдын адил огцом нэмэгдэхээр байгаа нь гадаад санхүүжилтийн эрсдэлүүдийг эргэн авчрах өндөр магадлалтай байгаа аж.
Үүнээс гадна 2024-2027 онд Монгол Улсын гадаад өрийн үйлчилгээнд зарцуулах мөнгө жилд дунджаар 975 сая ам.доллар байхаар 975 сая ам.доллар байхаар байгаа нь харьцангуй хүнд ачаалал гэж “Fitch Ratings” хэвлэлийн мэдээндээ дурдсан байна. Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн 90 гаруй хувь нь гадаад, харин хувийн хэвшлийн нийт өр 2023 оны II улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 180 хувьтай тэнцэж байгаа ажээ.
Ерөнхийдөө түүхий эдийн эрэлт буурах эрсдэлтэй зэрэгцээд Монгол Улсын гадаад санхүүжилтийн орчин боломжит эдийн засгийн "шок"-уудад эмзэг байхаар байна гэж дүгнэжээ. Түүнчлэн “Fitch Ratings” 2024 онд түүхий эдийн эрэлт буурна гэж таамаглаж байгаа юм.