2022 оны IV улиралд БНСУ-ын эдийн засаг цар тахал эхэлснээс хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарснаар тус улсын Төв банкны бодлогын хүүгээ өсгөх мөчлөг дуусгавар болж магадгүйн урьтал дохио боллоо.
Экспорт хумигдаж, хэрэглэгчийн зарцуулалт саарснаар өмнөх гурван сард тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.4 хувиар буурсныг БНСУ-ын Төв банк пүрэв гарагт гаргасан тайландаа дурдсан байна. Харин жилийн дүнгээр харвал тус улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
БНСУ-ын Төв банкны тэргүүн Ри Чан Ён энэ сарын эхээр бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөхөөр болсноо зарлахдаа эдийн засаг агших магадлалтайг анхааруулж байв. Тус улсад сүүлийн үед эдийн засгийн идэвхжил сулраад байгаа тул энэхүү 25 суурь нэгжийн өсөлтөөр одоогийн чанга бодлогын мөчлөг дуусаж байна гэсэн ойлголт зах зээлд үүссэн байна.
БНСУ-ын эдийн засаг Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн Засгийн газрын нэмэлт зарцуулалт шаардлагагүйгээр эргэн сэргэнэ гэсэн хүлээлт албаныхан, шинжээчдийн дунд давамгайлж байна. Цаашлаад БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийн эрч нь БНСУ-ын экспортод нөлөөлөх гол гадаад хүчин зүйл болох бол орон сууцны зах зээлийн үзүүлэлт нь голлох дотоод хүчин зүйл болохоор байгааг онцолжээ.
БНСУ-ын эдийн засаг гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай тул дэлхийн эдийн засгийн анхдагч индикаторын үүргийг давхар гүйцэтгэдэг. Мөн эдийн засгийн үзүүлэлтүүд нь БНХАУ, АНУ, Япон зэрэг бусад томоохон эдийн засагтай орнуудтай салшгүй холбоотой байдаг. Мөн тус улс газрын тос, хүнсний импортын хамаарал өндөр тул дэлхийн таваарын үнийн хэлбэлзлийн нөлөө маш гүнзгий тусдаг аж.