
- Бидэнтэй цаг гарган ярилцаж байгаад баярлалаа. Та өнөөдөр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангах нь алс холын мөрөөдөл биш гэж та нээлтийн үгэндээ дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлэн ярихгүй юу?
- Япон, БНСУ, Тайвань, БНХАУ, Монгол зэрэг Азийн улсыг харвал эдгээр орнууд эдийн засгаа эрчимтэй хөгжүүлсэн. Олонх нь ардчилсан засаглалыг сонгосон. Гэсэн хэдий ч жендерийн эрх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих талд хоцрогдолтой явна. Ямартай ч сүүлийн арваад жилд жендерийн тэгш байдлыг хангахад муугүй ахиц дэвшил гарсан. Харин одоо жендерийн эрх тэгш байдлыг ахиулахын төлөө илүү эрчтэй ажиллах чиглэлд чухал цаг үе нь ирсэн гэж харж байна. Тиймдээ ч Монгол улсад зохиогдож буй энэхүү уулзалт хэлэлцүүлэг утга учиртай, цагаа олсон, чухал арга хэмжээ юм.
- Эдийн засгийн өнцгөөс нь аваад үзвэл жендерийн тэгш байдал хэр ач холбогдолтой вэ?
- Япон эсвэл БНСУ-ын жишээг авч үзье л дээ. Эдгээр улсад эмэгтэйчүүдийн боловсрол, боловсролын чанар маш өндөр байдаг. Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо сул байдаг. Гэтэл хүн амын насжилт нэмэгдсэн, төрөлт буурсан зэрэг хүн ам зүйн хямралтай нүүр тулаад буй Азийн олон оронд эмэгтэйчүүд эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах нөөц бололцоотой байдаг. Эдийн засгийг цаашид хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо маш чухал гэж би бодож байна.
- Та Азитай холбоотой сэдвүүд, ялангуяа “Шинэ Ази” болон Азийг дараагийн түвшинд гаргах зорилтын талаар ярьдаг шүү дээ. Тэгвэл Азийг шинэ түвшинд гаргах өөр ямар чиглэлүүд байна вэ?
- Бид “Stanford Next Asia” хэмээх “Бодлогын лаборатори”-ийг нээж байгаагаа дуулгахад их таатай байна. Гол зорилго нь Азийг хэрхэн дараагийн түвшинд гаргах вэ гэдэгт чиглэж байгаа. “Бодлогын лаборатори” хэмээн нэрлэсний учир нь бодлогын талаас анхаарах ёстой бодит асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн утгатай юм. Түрүүн дурдсанчлан жендерийн эрх тэгш байдал бол нэг сэдэв. Арьс өнгөөр ялгаварладаг байдлыг хэрхэн давах вэ гэдэг нь бас нэг сэдэв.
Мөн хүний нөөцийн хөгжүүлэлтийг хэрхэн үргэлжлүүлэх вэ, дээрх орнуудад ардчилсан хөгжлийг хэрхэн хадгалах вэ зэрэг гол асуудлууд байна. Бид нарийн судалгаа хийж, судалгаан дээрээ тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулахыг зорьж байна. Монгол Улс ч мөн энэхүү шинэхэн “Бодлогын лаборатори”-ийн үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болно гэж найдаж байна.
- Азийг дараагийн түвшинд хүргэнэ гэж бид ярьж байна. БНСУ бол үүний нэг сайн жишээ. K-pop хөгжмийн урсгал, K-давлагаа гээд амжилтыг нь дурдаж болно. Бодлого төлөвлөлт гээд олон жилийн хугацаа зарцуулж байж ийм амжилтад хүрсэн. Тэгвэл БНСУ-ын энэхүү амжилтаас Азийн бусад орнууд юу суралцаж болох вэ?
- БНСУ-ын хөгжлийн үе шатыг харвал эхэн үедээ эдийн засгийн хөгжлийн тухай байсан. Авторитар Засгийн газрын үед үүнийг хөгжүүлсэн. Дараа нь БНСУ-д ардчилал гарсан. Тэгэхээр эдийн засгийн хөгжил, улс төрийн ардчилал нь соёлын хөгжил буюу зөөлөн хүчний бодлогын үндэс суурь болсон байгаа юм. Иймд соёлын салбараа хөгжилд түүчээлэхэд либерал ардчиллыг дэмжих нь чухал. Магадгүй энэ бол БНСУ-ын туршлагаас авч болох нэг сургамж юм уу даа.
- Таны төвлөрдөг гол сэдвүүдийн нэг нь “Brain Drain”. Таны хөндсөн өнцөг надад үнэхээр сонирхолтой санагдсан л даа. “Brain Drain” буюу чадвартай ажиллах хүчин эх орноо орхиж үзэгдэлд тэгтлээ битгий санаа зов. Учир нь эргээд улсдаа өгөөжөө өгдөг” гэж та хэлсэн. Энэ санаагаа дэлгэрэнгүй тайлбарлаач
- Тэгэлгүй яах вэ, миний анзаарснаар Монгол зэрэг хөгжиж буй олон орон энэ талаар санаа зовдог.
- Тийм ээ, үнэнийг хэлэхэд Монгол Улсад яг одоо ийм зүйл тулгамдаад байна.
- Оюунлаг иргэд нь эх орноо орхин явахад эргэн ирэхгүй байх вий гэсэн санаа зовнил бий. Боловсрол эзэмших, ажлын туршлага хуримтлуулахаар яваад буцаад төрсөн нутагтаа ирэхгүй байх вий гэж. Миний аргумент бол эхний шатанд “Brain Drain”-ээс зайлсхийх гээд хэрэггүй. Яагаад гэвэл чадварлаг хүмүүсээ бүгдийг нь хадгалж үлдэх боломж бараг үгүй. Хадгалж үлдэж чадах байсан ч улсаа дэлхийн зах зээлээс хөндийрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр миний аргумент бол тэднийг зүгээр л явуул. Сур, ажилла гэнэ.
Харин хариулах ёстой хамгийн чухал бодлогын асуулт нь хэрхэн “Brain Drain” үзэгдлийг өөрсдөдөө ашигтай болгож хувиргах вэ гэдэгт байгаа юм. Эхнийх нь “Brain Circulation” буюу сурч, ажилласных нь дараа буцаад эх оронд нь ирүүлэх. Гэхдээ хүн бүр төрсөн нутагтаа эргэн ирэх боломжгүй байна шүү дээ. Харин БНСУ, Тайвань, БНХАУ-ын хувьд энэ асуудлыг маш сайн зохицуулдаг гэж санагддаг.
Маш олон иргэн нь улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар эргэн ирсэн байдаг. Хэдий тийм боловч хүн бүр нутагтаа эргэн ирэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Би өөрөө ч үүний бодит жишээ. Би коллежоо дүүргээд нутгаа орхисон, одоогоос 40 жилийн өмнө. Одоо ч АНУ-д амьдарсан хэвээр байна. Хэзээ ч БНСУ-д эргэн очоогүй. Тэгэхээр "Brain Drain" үзэгдлийн нэг жишээ нь би байж болох уу гээд асуувал, нэг талаараа тийм гэж хариулна. Гэхдээ миний аргумент бол үүнийг заавал "Brain Drain" гэж үзэх хэрэггүй. Би "Brain Linkage"-ийн нэг жишээ байж болно. Учир нь би АНУ болон БНСУ-ын хооронд, мөн Азийн бусад оронтой холбох нэгэн гүүр нь болж байгаа.
Цахиурын хөндийг аваад үзвэл БНЭУ-ын маш олон чадвартай ажилтнууд АНУ-д очоод, эх орондоо буцаагүй байдаг. Гэсэн ч тэд БНЭУ-тай маш олон арга замаар холбоотой байдаг. Тэгэхээр миний өгөх гол мессеж бол хүний нөөцөө алдахаас айх хэрэггүй. Харин үүнийг “Brain Circulation” эсвэл “Brain Linkage” болгон хувиргахыг оролдох хэрэгтэй. Энэ бол хөгжиж буй орнуудын авч үзэх бодлогын томоохон асуудлуудын нэг гэж бодож байна.
- Ур чадвартай иргэдээ эргүүлэн татах нь бодлогын асуудал болж байна. Жишээлбэл: БНХАУ-ын хувьд энэ чиглэлийн “Thousand Talents” нэртэй хөтөлбөртэй гэж ойлгосон.
- Тийм ээ, маш олон хөтөлбөр байдаг.
- Тэгэхээр Монгол Улс ур чадвартай хүмүүсээ эргүүлэн татах талд БНСУ-ын ямар туршлагаас суралцаж болох вэ ?
- 1970-аад оны үед БНСУ хөгжиж буй улс хэвээр байсан. Мөн ур чадвартай зарим иргэд нь гадаадад амьдарч байсан. Тухайн үед БНСУ харьцангуй ядуу, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй байсан тул тэдгээр иргэд нь эх орондоо төдийлөн буцах бодолгүй байсан. Ингээд БНСУ-ын Засгийн газар тэднийг эх орондоо буцаж ирэхийг нь дэмжсэн олон арга хэмжээ хэрэгжүүлсэн.
Тайвань бас нэгэн чухал жишээ болж байгаа. БНХАУ “Brain Circulation”-ийн хөтөлбөрүүдийн талаар Тайвань болон БНСУ-аас суралцах оролдлогуудыг хийсэн гэж бодож байна. Чадвартай ажиллах хүчинд чиглэсэн маш том хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. БНХАУ хилийн чанад дахь ур чадвар, мэдлэг боловсролтой иргэдээ эргүүлэн татахад нэлээд ахиц гаргасан гэж бодож байна. Монгол Улс ч гэсэн магадгүй энэ жишээнээс суралцаж болно гэж харж байна.
- Геополитикийн асуудлуудын хувьд бид амаргүй цаг үед амьдарч байна. Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын асуудалтай холбон авч үзвэл АНУ-БНСУ-ын харилцааг ямар байна гэж дүгнэж байна вэ?
- Бид тун чухал эгзэгтэй цаг үед ирээд байна гэж харж байна. Өнгөрсөн 70 жилийг эргэн харахад Зүүн Хойд Азийн бүсэд дайн болоогүй. Учир нь энэ бүс нутгийн сүүлийн дайн болох Солонгосын дайн 1953 онд дууссан. Энэ энх амгалан 70 жилийн хугацаанд Тайвань, Япон, БНХАУ бүгд эдийн засаг нь онцгой өсөлттэй байсан. Одоо харин цэргийн сөргөлдөөн үүсэж болзошгүй байдал сэтгэл зовниож байна. Зөвхөн БНАСАУ-д ч биш, Тайваньд ч гэсэн.
БНХАУ Тайванийн эсрэг цэрэг хөдөлгөвөл яах вэ? Маш том нөлөө үзүүлнэ. Зөвхөн Япон, БНСУ, Монголд ч биш, АНУ-д, цаашлаад дэлхийн эдийн засагт нөлөөлнө. Тиймээс үүнийг хэрхэн зохицуулж, бүс нутагт цэргийн арга хэмжээнээс хэрхэн зайлсхийх вэ гэдэг нь их чухал байна. Яг одоо БНСУ Японтой харилцаагаа сайжруулж, АНУ-тай түншлэлээ бэхжүүлэхийг зорьж байна. Хэдий тийм боловч одоо БНСУ, Япон, Тайвань бүгд олон дипломат сорилттой тулгараад байгаа.
- Саяхнаас технологийн асуудлууд, жишээ нь хиймэл оюун анхаарлын төвд орлоо. Компаниуд, бүр улс орнууд хүртэл чип, хиймэл оюун зэрэг чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Шинжлэх ухааны судалгаа-хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт ч их чухал байгаа. Энэ тухайд БНСУ-ын жишээг бидэнтэй хуваалцахгүй юу?
- Тийм ээ, БНСУ бол тод жишээ. Засгийн газар нь судалгаа, хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Нэг хүнд ногдох судалгаа, хөгжүүлэлтийн зарцуулалтаараа БНСУ дэлхийд тэргүүлж байгаа гэж бодож байна. Энэ нь Солонгосын хөгжилд чухал үүрэгтэй байсан. Учир нь орчин үеийн технологид хөрөнгө оруулж, судалгааг дэмжихгүйгээр хөгжлийг цогцлоож, хадгалахад тун хэцүү. Тэгэхээр БНСУ бол Төрөөс судалгаа, хөгжүүлэлтэд ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлын хувьд маш чухал жишээ. Олон талаар амжилтад хүрэхэд нь энэ бүхэн нөлөөлсөн гэж бодож байна.