
Зургийг: otmongolia
“Оюу Толгой”-ийн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод, харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна хэмээн Ерөнхий сайд мэдэгдлээ.
Гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орж ирдэг Монгол Улсын хувьд Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж байгаа нь түүхэн үйл явдал болж байна. Ийнхүү Монгол Улсын эдийн засагт жин дардаг энэ томоохон төслийн шинэ үе шат эхэллээ.
"Оюутолгой" төсөл нь Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл юм.
Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр “Оюутолгой” дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийж байна. “Оюутолгой” үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ гэж “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал мэдэгдсэн юм.
Ийнхүү гүний уурхайн олборлолт эхэлмэгц гарц нь тэр даруй огцом нэмэгдэхээргүй байна. Харин 2029-2030 оны үед оргилдоо буюу 95 мянган тонн хүрнэ. Өөрөөр хэлбэл долоон жил орчмын дараа гүний уурхай бүрэн хүчин чадалдаа хүрнэ гэсэн үг.
Зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон гээд олон асуудлууд өнгөрсөн хугацаанд маргаан дагуулсан. Хэдий тийм боловч Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг “тэглэж”, гол асуудлуудаа шийдэхэд ахиц гаргасан юм. Ингэснээр Монгол Улс ногдол ашиг авах хугацаа наашилна гэж “Rio Tinto”-оос Засгийн газарт илгээсэн захидалд дурджээ.
2032 оноос ногдол ашиг авч эхлэх тооцоолол байгааг “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал ярилцлагадаа онцолж байв.
Мөн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх гэдэг заалт тусгагдсаныг анхаарах хэрэгтэй.
Энэхүү төсөл нь 2010 оноос хойш өсөн нэмэгдсэн дүнгээр дөрвөн тэрбум ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын эдийн засагт оруулжээ. Энэ нь Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтсан дүн юм.
“Оюутолгой” төсөлтэй холбоотой татварын маргааны асуудал шийдэгдээгүй байгаа төдийгүй цахилгаан эрчим хүчээ импортоор хангаж байна. Үүнд жилд 100 гаруй сая ам.доллар зарцуулж байгаа аж.
“Оюу Толгой” компанийн удирдлагуудын мэдээлснээр энэхүү төсөл нь 70-80 жил үргэлжлэх бөгөөд хүдрийн нөөцийг судлах ажил ч хийгдэж байгаа юм.