
Зургийг: Jean Chung/Bloomberg
Гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч БНСУ-ын “LG Electronics” компани цахилгаан автомашины мэдээллийн систем, эд ангийн үйлдвэрлэлээр орлогоо өсгөх төлөвлөгөөтэй байна.
Тус компани 2030 он гэхэд жилдээ 17 тэрбум ам.долларыг дээрх бизнесээс олох зорилт тавьжээ. Энэ нь “LG Electronics”-ийн нийт орлогын 20 хувийг бүрдүүлэхээр байгаа аж.
Харин 2023 оны нэгдүгээр хагаст дээрх бизнес компанийн орлогынх нь 14 хувийг бүрдүүлснийг “LG Electronics”-ийн Гүйцэтгэх захирал Уиллям Чо мэдээлжээ. Гүйцэтгэх захирал Уиллям Чогийн хувьд 65 жилийн түүхтэй тус компанид дижитал шилжилт, электронжуулалт болон холбогдох үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
“LG Electronics” компани цахилгаан автомашины эд анги үйлдвэрлэлийн салбартаа хэдийн гол тоглогч болсон бөгөөд 80 тэрбум ам.долларын онцгой захиалга авсныг тэрбээр онцолж байлаа. Тус компанийн үйлчлүүлэгчдийн дунд “General Motors” зэрэг Хойд Америкийн ихэнх компани мөн Европын компаниуд багтаж байгаа аж.