logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Нийгмийн халамжийг нийгмийн даатгалтай хольж хутгасан тэтгэврийн тогтолцоо ба айсуй эрсдэл...
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 19 11:00
    582

    Зургийг: С.Батсайхан

    Mercer: Хүмүүс зөвхөн нийгмийн хамгаалал, Төрийн тэтгэврийн санд найдах аргагүй болсон

    Жил бүр танилцуулдаг олон улсын индексийн үзүүлэлтээр Нидерланд “Дэлхийн шилдэг тэтгэврийн системтэй улс”-аар дахин тодорлоо. Байнга шүүмжлэлд өртдөг Монголын тэтгэврийн тогтолцооноос тус улсынх юугаараа ялгарч байна вэ?

    Онцгой бус, гэхдээ үр өгөөжтэй

    Энэ оны дэлхийн тэтгэврийн индексэд Нидерланд улс тэргүүлэх байр сууриа эргүүлэн авч, “Шилдэг тэтгэврийн тогтолцоотой улс” боллоо. Харин өнгөрсөн онд тэргүүлж байсан Исланд хоёрдугаарт, Дани гуравдугаарт бичигдсэн бол үлдсэн орнуудаас “A” үнэлгээтэй ганц улс нь Израил болжээ.

    Нидерландад тэтгэврийн 50 хувь орчмыг суурь тэтгэвэр, гуравны нэийг нь мэргэжлийн нэмэлт, мөн сайн дурын шимтгэл бүрдүүлдэг аж. Суурь тэтгэврийн хэмжээ нь цалин эсвэл ажиллах үедээ улсад төлсөн татварын хэмжээнээс хамаардаггүй бөгөөд Нидерландад 50-иас доошгүй жил амьдарсан 65-аас дээш насны бүх хүн тэтгэвэр авах эрхтэй байдаг байна.

    unnamed (2).jpg

    Эх үүсвэрийн хувьд Улсын тэтгэврийн сан, ажил олгогчийн тэтгэврийн сан, мөн хувийн хадгаламж гэсэн гурван тулгуур баганаас бүрддэг байна.

    Хэдий тийм боловч тус улс өдгөө тэтгэврийн тогтолцооныхоо нийтийг хамруулсан бүтцийг илүү хувь хүнд чиглэсэн аргачлалтай болгох реформ хийж байгаа юм. Гэхдээ төсвийн сайн суурь, оновчтой зохицуулалтын ачаар өөрчлөлтийн дараа ч үр өгөөж нь буурахгүй гэж тус тайланд дүгнэжээ.

    Дэлхий даяарх сорилт

    “Mercer” хүрээлэн жил бүр дээрх индексийг гаргахдаа улс орнуудын тэтгэврийн тогтолцоог тогтвортой байдал, хангалт хүртээмж, зөв шударга байдалд нь суурилан үнэлдэг. Харин энэ оны хувьд хүн амын насжилт, Засгийн газрын өр, өндөр инфляцын нөлөөгөөр дийлэнх орнуудын тэтгэврийн тогтолцоонд урьд байгаагүй том хүндрэл учраад байгааг онцолжээ.

    “Гол дүгнэлт гэвэл дэлхий даяар хүмүүс тэтгэвэрт гарсныхаа дараа өөрсдөдөө анхаарал тавих шаардлагатай болж байна. Зөвхөн нийгмийн хамгаалал, Төрийн тэтгэврийн санд найдах аргагүй болсон” гэж “Mercer”-ийн Ахлах шинжээч Дэвид Нокс өгүүлсэн байна.

    Монгол дахь асуудал

    Ажилласан хугацаа, цалинд тулгуурлан тэтгэврийн хэмжээг тооцдог аргачлал нь тэгш бус, нарийн төвөгтэй, зардал өндөр шалтгаанаар өдгөө төдийлөн түгээмэл ашиглагдахаа больсон ч Монголд тэтгэврийн тогтолцооны гол тулгуур болж байна. Хувийн хэвшлийн ажил олгогчид эх үүсвэрийг нь бүрдүүлдэг хувийн тэтгэврийн тогтолцоо, олон эх үүсвэрээс бүрдүүлдэг хуримтлалын тогтолцоог нэвтрүүлэх тэтгэврийн реформ хийх шаардлагатайг эдийн засагчид хэлсээр өдий хүрсэн билээ.

    unnamed (8).jpg

    Ажил олгогч, даатгуулагчаас олгож буй шимтгэлийн хуваарилалтыг харвал өнгөрсөн онд Тэтгэврийн даатгалын санд 82.2 хувийг нь буюу 2.1 их наяд төгрөг хуваарилжээ. Нийгмийн даатгалын сангийн зардалд тэтгэвэр хамгийн их жин дарж, улмаар орлого, зардлын зөрүүг улсын төсвийн дэмжлэгээр санхүүжүүлэх байдал цаашид улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

    “Нийгмийн халамжийн шинжтэй арга хэмжээнүүдийг нийгмийн даатгалын асуудалтай маш их хольж хутгасан. Тухайлбал: ажил мэргэжлийн нөхцөл, төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч тэтгэвэрт эрт гаргах гэх мэт Төрөөс нийгмийн халамжийн бодлогоор зохицуулах асуудлуудыг нийгмийн даатгалаар шийдэж байна” хэмээн СЭЗИС-ийн Ахлах багш Ч.Өнөржаргал хэлж байлаа.

    Cэтгэгдэл бичих