
Зургийг: Marlena Sloss/Bloomberg
Дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр суурийг Илон Маск буцаан авлаа. Лхагва гарагт тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний магнат Бернар Арногийн “LVMH” группийн хувьцааны ханш Парисын биржид 2.6 хувиар унасны дараа "Tesla"-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск нийт хөрөнгийн хэмжээгээрээ түүнийг гүйцжээ.
Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүнийг жагсаадаг "Bloomberg Billionaire Index"-д он гарсаар 74 настай Бернар Арно, Илон Маск нар тэргүүн байрын төлөө тун ойрхон өрсөлдсөөр ирсэн юм.
Инфляцын өсөлт технологийн салбарт багагүй хүндрэл дагуулж, харин тансаг ангиллын бараа, бүтээгдэхүүний салбар харьцангуй тэсвэртэй байснаар анх 12 дугаар сард Бернар Арно хөрөнгийн хэмжээгээрээ Илон Маскийг гүйцэж байв.
Бернар Арногийн үүсгэн байгуулсан “LVMH” групп нь “Louis Vuitton”, “Fendi”, “Hennessy” зэрэг брэндүүдийг багтаадаг. Харин сүүлийн саруудад эдийн засгийн сэргэлт удааширсан дохио ажиглагдаж, ялангуяа нэн чухал БНХАУ-ын зах зээлд илүү суларснаар тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний салбарын тэсвэртэй байдалд итгэх итгэл хөрөнгө оруулагчдын дунд бүдгэрч эхлээд байгаа юм.
Дөрөвдүгээр сараас хойш “LVMH”-ийн хувьцааны ханш 10 хувиар унаж, саяхан ганцхан өдрийн арилжааны үр дүнд Бернар Арногийн хөрөнгөөс 11 тэрбум ам.доллар арчигдаж байв. Нөгөө талд Илон Маск хөрөнгөө он гарсаар 55.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэнд “Tesla”-ийн өсөлт голлон нөлөөлжээ.
Остинд төвтэй автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани Илон Маскийн нийт хөрөнгийн 71 хувийг бүрдүүлдэг бөгөөд хувьцааны ханш нь он гарсаар 66 хувиар өсөөд байна.
"Bloomberg Billionaire Index"-ийн мэдээллээр Илон Маскийн нийт хөрөнгө 192.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол Бернар Арногийнх 186.6 тэрбум ам.доллар болоод байгаа аж.