
Зургийг: С.Батсайхан
2023 оны II улирлын байдлаар Хөдөө аж ахуйн биржээр нийт 10 төрлийн 494.9 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсаныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар буурсан үзүүлэлт болж байна. 2022 оны мөн үед таван төрлийн, нийт 722.1 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалж байжээ.
II улиралд арилжаалагдсан бараа, бүтээгдэхүүний дийлэнх буюу 84.8 хувийг ямааны ноолуур бүрдүүлсэн байна. Өнгөрсөн оны мөн үед биржээр арилжаалагдсан нийт бүтээгдэхүүний 92.3 хувийг ямааны ноолуур бүрдүүлж байсантай харьцуулахад 7.5 нэгж хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Харин ямааны завод ноос өмнөх оны мөн үеэс 4.3 хувиар өссөн бол тэмээний ноосны арилжаа 0.7 хувиар буурчээ.
Хөдөө аж ахуйн биржийн нийт арилжааны 0.1 хувийг бүрдүүлж буй бараа, бүтээгдэхүүнд хонины завод ноос 81.4 сая төгрөг, бодын хөөвөр 47.3 сая төгрөг, тэмээний очёс 18.9 сая төгрөг, тэмээний завод ноос 8.4 сая төгрөг, боловсруулаагүй үхрийн шир 6.6 сая төгрөг байна.