Зургийг: Б.Бат-Очир
Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын татварын орчны тогтворгүй байдал, шүүхийн маргаан шийдвэрлэх процесс болоод харилцан уялдаагүй хууль, зохицуулалтуудыг шүүмжилдэг нь шинэ зүйл биш. Гэвч "Татварын байгууллага нь ашигт малтмалын лицензийн худалдаанд өөрийн үнэлэмжээр татвар тогтоодог Монголоос өөр ганц ч улс дэлхийд байхгүй" гэх Монгол дахь Европын Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Оливер Терваллын үг анхаарал татлаа.
Түүний хэлж буйгаар “Ашигт малтмалын компани Монголд богино хугацаанд ажиллаад гарахаар шийдэж, лицензүүдээ зарахаар болоход гадаадын компани гэсэн шалтгаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэхэд багадаа 10 хувийн татвар төлж байгаа бол хувьцааны арилжаанд 20 хувийн татвар ногдуулж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх татварыг арилжааны үнээр тооцоогүй бол 30 хувиас ч давж мэдэх нөхцөл байдал Монголд үүссэн” аж.
Монгол Улсыг чиглэх хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхайн салбарт орж ирдэг. Энэ утгаараа уул уурхайн салбарын бодлого зохицуулалтад гарах аливаа өөрчлөлт нь хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхний дуу хоолой болдог худалдааны танхимуудын хувьд анхаарах асуудал билээ. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас (AmCham Mongolia) Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал, зөвлөмж өгөөд байгаа. Тухайлбал: “Ашигт малтмалын нөөц” ашигласны төлбөрт тооцох тухайд “АМНАТ-ийн суурь хувь хэмжээг хуулиар тодорхой, тогтвортой болгох хэрэгтэй байна. Төлбөрийн хэмжээ тодорхойгүй, яаж ч нэмэгдэж болохоор байна” гэж үзсэн байна.
Үүнээс гадна АМНАТ-ийн тодорхой хувийг зөвхөн орон нутгийн (сум, дүүргийн )төсөвт нь тушаадаг, энэ төсвийг хэрхэн захиран зарцуулах талаар иргэдийн нийтийн хурлаар хэлэлцдэг байх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайн хувь нэмрийг иргэд шууд хүртэж, уул уурхайн нэр хүнд сайжирч, тогтвортой хөгжил хангагдана гэж Монгол дахь Америкийн худалдааны танхимын зөвлөмжид дурджээ.
Дээрх асуудлыг Сангийн яамнаас тодруулахад “Газар болон Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулах, шилжүүлэхэд эрх борлуулсны орлого олсон гэж үзэж 30 хувиар татвар ногдуулж байсан. Харин шинэ хуулиар эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлсний татварын харилцааг нарийвчлан зохицуулж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод 10 хувиар татвар ногдуулж байгаа” гэсэн тайлбар өгч байв.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн: Хөрөнгө оруулалтын хууль харьцангуй сайн ч олон асуудлыг шийдэж чадахгүй. Татварын олон саад бэрхшээл байна. Гаднын хөрөнгө оруулагчид харьцангуй ёс зүйтэй байдаг. Тэд татвараас нуугдаж ажиллахыг хүсдэггүй. Гэтэл хажууд нь ченжүүд татвараа төлдөггүй. Хамгийн түрүүнд бид уул уурхайн лицензийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Гаднын нэг компани хайгуулын олборлолт хийж байгаад, өөр хүнд дамжуулахад нөөц дээр нь тулгуурлаад татвараа түрүүлж авдаг. Энэ л эдийн засгийн царцанги байдлыг бий болгож, татварын таагүй орчныг үүсгэж байгаа юм. Бид олон хөрөнгө оруулагчийг гомдоосон. Үнэтэй тоног төхөөрөмжөө бариад ирэхэд нь тоног төхөөрөмжийн татвараа дөрвөн жил хойшлуулах хэрэгтэй. Мөнгөө бариад, геологийн хайгуул хийе гээд ирэхэд нь “Чи эндээс алт олж магадгүй. Нийт алтныхаа татварыг одоо төл гээд хэлээд байхаар хэн ирэх юм бэ.
Илүү том зургаар нь харвал хөрөнгө оруулагчдын илэрхийлж буй санал гомдол, Засгийн газрын тайлбар, гадаад дотоод нөхцөл байдал ямар ч байж болох бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулалтын чиглэлд үнэхээр ахиц гаргаж байна уу, үгүй юу гэдэгт аль нэг талын үзэл бодол бус дата мэдээлэл хамгийн чухал хариулт өгөх биз ээ. Өөрөөр хэлбэл хуучин бондын төлөлтөө шинэ бондын санхүүжилтээр шийдсээр буй Монгол Улсыг чиглэх хөрөнгө оруулалт буурсаар байгаа нь бодит баримт юм.
Үүнээс гадна Монгол Улс өрийн эрсдэлд ороход маш ойрхон буйг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс хэлж байгаа юм. Тэрбээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн талаар судалгаа хийсэн бөгөөд “Сүүлийн 10 жилд төсвийн сахилга баттай байсан бол Засгийн газар 7.6 орчим их наяд төгрөг хадгалах боломжтой байлаа. Энэ бол алдагдсан боломж. Мөн 2020, 2021 онд төсвөөс гадуур зарцуулсан 2.15 их наяд төгрөгийг хадгалсан бол 9.9 их наяд төгрөгийн хадгаламжтай байх боломжтой байсан” хэмээн дүгнэжээ.