logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Дэйв Лий: “Bitcoin” бүрэн потенциалдаа хүрэх нь цаг хугацааны асуудал
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 22 11:15
    1436

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    “X-Meta”-ийн Гүйцэтгэх захирал Дэйв Лийтэй ярилцлаа

    - 2023 онд дэлхий дахинд маш их зүйл өрнөсөн. Миний бодлоор энэ салбарт болсон хамгийн чухал зүйл нь АНУ-ын Үнэт цаас, арилжааны комисс болон “Ripple”-ийн кэйс. Мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчдын хооронд энэхүү токен үнэт цаас уу, эсвэл биш үү гэдэг асуудал гарч ирсэн. Энэ кэйс 2020 оноос хойш нээлттэй байсан. Миний санаж байгаагаар “Ripple” 2012 онд ICO хийж, арилжаалагдаж эхэлсэн.

    RIPPLE.jpg

    Гүйлгээний илүү хурдан аргачлал санал болгох зорилготойгоор гарч байсан. Төлбөрийн нэгэн хэлбэр болсноор энэ нь крипто болон блокчэйн салбарт тодорхой үнэ цэн бий болгох байсан. Тэгээд кэйс үргэлжилсээр гурван жилийн дараа буюу 2023 онд аль аль талдаа ашигтай тогтоол гарсан. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд “Ripple” нь үнэт цаас харин жижиг хөрөнгө оруулагчдын хувьд бол биш гэж тогтсон. Үүний дараа биржийг арилжаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн.

    Энэхүү үр дүн гарсны дараа үнэндээ хэдхэн хоногийн өмнө “Amazon” компани “Ripple”-ийг боломжит төлбөрийн хэрэгслээ болгож, хамтран ажиллахаар болсон. Тэгэхээр “Ripple” ICO хийснээс хойш 10 жилийн дараа төлбөрийн нэгэн хэрэгсэл болон хэрэглээнд нэвтэрч, үндсэн зорилгоо биелүүлэх гэж байна. Энэ мэт эерэг мэдээллүүд нь крипто, блокчэйн салбарт итгэх итгэл найдварыг нэмэгдүүлж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын крипто салбарыг харах өнцгийг ч мөн сайнаар өөрчилж байгаа юм.

    - Эргэн харахад 2021 онд “Bitcoin” болон крипто салбар оргилдоо хүрсэн. Харамсалтай нь 2022 онд “FTX” зэрэг олон крипто фирмүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Хэдхэн сарын дотор л “Bitcoin”-ийн ханш 70 мянган ам.доллароос 16 мянган ам.доллар болж буурсан. Та “Bitcoin”-д хөрөнгө оруулсан байсан гэж тооцвол энэхүү хурдацтай уналт таныг сандаргасан уу, эсвэл та өөдрөг хэвээр байв уу ?

    - “Bitcoin”-ийн хувьд би үргэлж л сайнаар ярьж, сурталчлах хүмүүсийн нэг нь байх болно. Тэгэхээр тийм ээ, би өөдрөг хэвээр байсан. Миний хувьд энгийн математик шиг л санагддаг. Төвлөрсөн бус санхүүгийн системийн “Библи” нь “Bitcoin” гэж боддог. Нийт нийлүүлэлт болон эрэлтийг нь яг л тэр чигээр нь хүмүүсийн эрэлт, нийлүүлэлт бүрдүүлж байдаг. Төлбөрийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт болон арилжааны хамгийн өргөнөөр хэрэглэгддэг крипто бол “Bitcoin” шүү дээ. Зах зээлд ердөө 21 сая ширхэг “Bitcoin” бий.

    BTC Index (Bloomberg Galaxy Bitc 2023-08-21 14-12-10.jpg

    Би зөв санаж байвал одоо дахин олборлогдох, худалдаанд нээлттэй болох долоон сая “Bitcoin” л байгаа байх. Миний хувьд эрэлт, нийлүүлэлт л хамгийн чухал санагддаг. Энэ утгаараа зах зээл уналттай байна уу, өсөлттэй байна уу тийм ч чухал биш. Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаатай зэрэгцээд эрэлт нь өндөр байхад “Bitcoin” бүрэн потенциалдаа хүрэх нь цаг хугацааны л асуудал. 

    - “Bitcoin”-ийн ханш 2023 онд хэд хүрэх вэ? Таван жилийн дараа ямар дүр зурагтай байх бол?

    - “Bitcoin”-ийн ханш 29 мянгаас 30 мянган ам.долларын хооронд хэлбэлзэж, арилжаалагдаж байна. Бусад авч үзэх олон хүчин зүйлс байгаа л даа. Хэдий тийм боловч миний хувьд 2023 онд “Bitcoin”-ийн ханш 30 мянгаас 35 мянган ам.долларын хооронд хаагдах байх гэж таамаглаж байна. Харин ирэх таван жилийн хугацаанд “Bitcoin” зургаан оронтой тоонд асуудалгүй хүрнэ гэж бодож байна. Ирэх таван жилд гарцаагүй 100 мянган ам.доллар давна. 

    - Монголын зах зээлийг харвал сүүлийн хэдэн сарын хугацаанд юу ажиглагдав?

    - Монголын зах зээлийн онцлог нь юу вэ гэхээр би энэ талаар өмнөх дугаарт дурдаж байсан байх. Хэдийгээр жижиг зах зээл, Улаанбаатар хотын хүн ам цөөн ч гэсэн дийлэнх нь крипто салбарыг эергээр хардаг. Монголд крипто бирж удирддаг хүний хувьд салбарын трендийг харвал бага зэрэг хоцрогдол харагддаг. Олон улсад крипто зах зээл огцом өсөж, эсвэл унаж байлаа гэж бодоход энэ нь Монгол Улсад бага зэрэг хоцорч илэрдэг юм шиг санагддаг. “X-Meta”-ийн хувьд зургаадугаар болон долоодугаар сарын тоон үзүүлэлтүүдээс харвал арилжааны хэмжээ, идэвхтэй арилжаанд оролцогчдын тоо зургаадугаар сараас эхлээд эргэн сэргэж эхэлсэн.

    Харин долоодугаар сард бага зэрэг буурсан нь Наадмын баярын улиралтай холбоотой байх. Гэхдээ үе шаттайгаар эргэн сэргэж байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр миний хувьд 2021 оны огцом өсөлттэй төстэй тренд харагдаж байна уу гэж бодож байна. Олон улсын хэмжээнд зах зээл бага багаар эргэн сэргэж байна. Бирж дээрх үйл ажиллагаанаас харвал Монголд ч гэсэн мөн адил сэргэж байна. Тэгэхээр миний төсөөлөл Монголын зах зээлийн хүлээлт маш эерэг байгаа гэж хэлж болно. 

    - Монгол Улсын зах зээл өсөлттэй байна гэж харж байгаа юм байна. “X-Meta”-ийн энэ зах зээлд эзлэх хувиа өсгөх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг гол стратеги тань юу байна вэ?

    - Хүн бүр “X-Meta 2.0”-ийн талаар сонссон байх. Шинэчлэлийн талаар мэдээлэл өгөөд тодорхой хугацаа өнгөрч байна. Бид “X-Meta 2.0”-ийг хараахан гаргаагүй байгаа нь зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой. Аливаа зүйл хэдий гайхалтай байлаа гээд хэрэглэх боломжгүй, хүмүүс үр ашгийг нь анзаарахгүй бол ямар ч хэрэггүй. Зөв цагаа сонгох нь маш чухал. Тэгэхээр би энэ асуудлаар олон улсын түншүүдтэйгээ ч гэсэн ярилцсаар ирсэн. Зургаадугаар сард зах зээл эргэн сэргэж байхад хэлсэн санагдаж байна. Наймдугаар эсвэл есдүгээр сард гаргах нь зөв цаг байх болов уу гэж. Одоо ч ингэж бодсон хэвээр байна.

    Бид есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт “X-Meta 2.0”-ийг гаргана гэдгээ “Bloomberg TV Mongolia”-аар албан ёсоор мэдэгдэж байна. Юуны өмнө бүрэн ребренд хийгдсэн гэдгийг хэлмээр байна. Шинэ лого, хэрэглэгчдэд зориулсан интерфэйс байна. Монголын хэрэглэгчдэд зориулсан шинэчлэл гэх үү дээ. Өмнөх хувилбарт англи хэлнээс монгол руу орчуулах зэрэг хэлний бага зэрэг асуудлууд байсан бол бүгдийг нь зохицуулсан. Хоёрдугаарт гэвэл хүн бүр л сонирхож байгаа байх.

    Монголын хэрэглэгчид анх удаа “Kucoin”, “Binance” зэрэг олон улсын томоохон биржүүдтэй адил стандарт, хөрвөх чадварын сан, хөшүүрэг ашиглах зэрэг үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Спот арилжаа, опцион арилжаанаас гадна фючерс, маржин арилжаа зэргийг санал болгоно. Энэ нь мэдээж маш сонирхолтой байна гэж бодож байна. Учир нь “X-Meta”-ийн гол онцлог нь бидний цаасан мөнгийг криптод хөрвүүлж байршуулах, гарган авах боломж. Энэ ямар чухал зүйл болохыг тайлбарлах ч хэцүү.

    “P2P” зохицуулалтгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хангалттай зохицуулалтгүй орчинд хэрэглэгчид үндэсний валютаа банканд хийж, гүйлгээ хийснээр ердөө 6-10 минутад "Tether"-тэй болно гэдэг… миний бодлоор энэ бол инновац. Сингапур, Малайз, Индонез, Япон улсын хувьд ч энэ маш хүнд зүйл хэвээр байна. Одоо ч гэсэн хүмүүс “Tether”-тэй болоход хүндрэлтэй хэвээр байна. “Tether”-ийг үндэсний валют руугаа хөрвүүлэхэд асуудалтай тулгарсаар байгаа.

    Харин “X-Meta 2.0”-оор дамжуулан Монголын хүн бүр төгрөгөө ашиглан “USDT”-тэй болох боломжтой болж байна. Энэ бол бидний хийж буй шилжилтийн гол хүчин зүйлсийн нэг. Мэдээж “USD Tether” нь “BinanceUSD”-тэй харьцуулахад хамгийн гол тогтвортой койн байсаар ирсэн. Тэгэхээр дэлхийн хөрвөх чадвар, стандарт болон олон улсын бүх л фьючерс, маржин арилжааны хослолуудыг санал болгоно.

    Үүнээс гадна "FIAT" мөнгийг крипто болгох процесс төгрөгийг “USD tether” рүү хөрвүүлэх зарчмаар хийхээр шийдсэн. Тэгэхээр ердөө нэг товч дараад л “USD Tether”-тэй болно гэсэн үг. Ингэснээр спот арилжаа хийж эсвэл 100 дахин өндөр хөшүүрэгтэйгээр фьючерс, маржин арилжааг маш хялбараар хийх боломж нээгдэнэ. Олон улсын крипто биржүүдтэй адил стандарт, аюулгүй, ил тод байдлыг санал болгох болно. Эцэст нь бидний танилцуулах бас нэгэн онцгой зүйл бол биржийн бус платформ.

    Одоогоор бүх биржүүд, крипто зах зээлд нэвтрэх боломжууд жижиглэн худалдааны зарчмаар явж байна. Тэгэхээр бидний хөгжүүлж буй зүйл бол “B2B” платформ. Крипто зах зээлийн боломжийг ашиглах хүсэлтэй олон бизнесүүд байгаа шүү дээ. Биржийн бус зах зээл нь компаниуд болон байгууллагуудад жижиглэнгээс гадуур худалдан авалт, гүйлгээ хийх боломж олгох болно.

    Cэтгэгдэл бичих