Зургийг: Jim Watson/AFP/Getty Images
“Space Exploration Technologies” буюу “SpaceX” компани сансрын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр 10 жилийн хугацаатай, 100 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээг NASA-тай байгуулжээ.
Пуужин хөөргөлт, хиймэл дагуулын операторын үйл ажиллагаа явуулдаг "SpaceX" компани дээрх гэрээгээр “Lockheed Martin”-ийн охин компани “Astrotech Space Operations”-тай бизнесийн зориулалт бүхий тээвэрлэлтийн бэлтгэлийн үйлчилгээний хүрээнд хамтран ажиллахаар болсныг NASA баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Тээвэрлэлтийн бэлтгэл гэдэгт пуужинтай хамт хөөрөх сансрын төхөөрөмжийг нислэгийн өмнө залгаж бэлтгэх зэрэг ажлууд багтаж байгаа аж.
Гэрээний дагуу Флорида мужийн Кэйп Канаверал, Калифорни мужийн Ванденбергийн сансрын хүчний баазуудаас нисэгчгүй хөлгүүд хөөргөх бөгөөд 2033 он хүртэл гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх боломжтойг NASA онцолж байна. “SpaceX” болон “Astrotech” компаниудын хамтран ажиллах даалгаврууд нь дэлхийн тойрог замд ажиглалтын хиймэл дагуулууд хөөргөх, мөн Нарны аймаг дахь сансрын гүний орон зай руу сансрын хөлөг илгээх зэргээс бүрдэж байгаа ажээ.