
Зургийг: James MacDonald/Bloomberg
"Teck Resources" компани хувьцаа эзэмшигчидтэйгээ удаан хугацаанд хуралдсаны эцэст суурь металлын бизнесээ хуваах төлөвлөгөөгөө цуцаллаа. Ингэснээр тус компанийг худалдан авах “Glencore”-ийн тавьсан санал хэрэгжих боломжтой болоод байна.
"Teck Resources" ба “Glencore”-ийн хувьд хөрөнгө оруулагчдыг лоббидсон хүндхэн гурван долоо хоногийн эцэст дээрх шийдвэрт хүрч байна. Энэ нь "Teck Resources" өөртөө хангалттай дэмжлэг цуглуулж чадаагүй болохыг харуулсан гэж үзэж болох юм.
Канадын уул уурхайн томоохон компани "Teck Resources" нь энэ сарын эхээр “Glencore”-ийн тус компанийг худалдан авах 23 тэрбум ам.долларын саналаас татгалзсан бөгөөд оронд нь суурь металлын бизнесээ хувааж, зэс болон цайр үйлдвэрлэлдээ түлхүү анхаарна гэж мэдээлж байв.
Өдгөө олны анхаарал “Glencore” дээр төвлөрөх ба "Teck Resources"-ийн хөрөнгө оруулагчид нь тус компанийг хэлэлцээрийн ширээний ард суулгах шахалт үзүүлэх эсэхэд төвлөрөх хандлагатай байна.
"Teck Resources"-ийн зүгээс бизнесээ хуваах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх сонирхол өндөр хэвээр байгаа бөгөөд “Glencore”-ийн саналын тухай байр сууриа өөрчлөөгүйгээ мэдэгдээд байгаа юм.