
Зургийг: Rose Lincoln/Bloomberg
“Bloomberg Businessweek”-ээс жил бүр тодруулдаг “Дэлхийн бизнесийн шилдэг сургуулиуд”-ын 2023 оны эрэмбийг Стэнфордын Бизнесийн сургууль тав дахь жилдээ дараалан тэргүүллээ. Энэхүү жагсаалтыг оюутнууд, төгсөгчид, ажилтнуудын дунд явуулсан судалгаанд үндэслэн гаргадаг байна.
Стэнфорд шилдэг нь хэвээр
Дэлхийн хэмжээнд бизнесийн 110 сургууль болон бизнесийн удирдлагын хөтөлбөрийг сургалтын чанар, хүрээлэл, карьерын боломж, ур чадварын хөгжүүлэлт зэрэг шалгууруудаар үнэлэхэд АНУ-д Стэнфорд, Европт SDA Боккони, Азид Хонгконгийн HKUST хамгийн өндөр оноо авсан байна.
Цахиурын хөндийн технологийн стартапууд, хөрөнгө оруулалтын компаниуд, энтрепренеруудтай холбоо харилцаатай байдал нь Стэнфордыг чиглэх сонирхлыг нэмэгдүүлжээ. Ялангуяа хувийн бизнесээ эхлүүлэхээр нухацтай ажиллаж буй оюутнуудад зориулсан хэд хэдэн тусгай хөтөлбөр санал болгодог нь ихээр нөлөөлж байна.
Тренд шилжилт
Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт бизнесийн бараг бүх сургуулиудад чухал сэдэв болж, үүнийг дагаад шинжлэх ухаан, шинэ технологийн хичээлүүд, салбар хоорондын хөтөлбөрүүд ихээр нэвтэрч буйг “Businessweek” онцолжээ. Сургалтын хөтөлбөр ийнхүү баяжиж байгаа нь ирэх жилүүдэд бизнесийн удирдлагаар төгсөгчдийн мэргэжил сонголт бас өөрчлөгдөхийн дохио болж байна.
Ирээдүй хаашаа?
Санхүүгийн салбарт, тэр дундаа зөвлөх үйлчилгээний компаниудад цомхотгол газар авсан нь 2023 онд бизнесийн удирдлагаар төгсөгчдийн ажлын байрны боломжийг бууруулж байна. Хэдий тийм боловч бизнесийн сургуулийн удирдагчдын хэлж буйгаар өнөөгийн бизнесийн манлайлагчийн хэв маяг хувьсан өөрчлөгдөж буйг даган мэргэшлийн шинэ талбарууд цаашид олноор гарч ирж, шинэ ажлын байрууд ч эрчимтэй бий болсоор байх аж.
2023-2024 оны жагсаалтад онцолсноор бизнесийн удирдлагын магиструудын төгсөөд ажилд орж буй топ гурван салбар нь зөвлөх үйлчилгээ, санхүү болон технологи байжээ.
Азийн сургуулиуд
Ази, Номхон далайн бүсийн шилдэг бизнесийн сургуулиудыг эрэмбэлэхэд Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (HKUST) тэргүүлж, дараагаар нь БНХАУ-ын болон БНЭУ-ын тус тус хоёр сургууль бичигдсэн байна. HKUST төгсөгчдийн санхүүгийн салбарт авах цалин жилийн 79 мянган ам.доллароос эхлэх бол Шанхайн Санхүү, эдийн засгийн их сургуульд 60 мянган ам.доллар гэж тооцоолжээ.
Жагсаалтаас харвал Хойд Америк, Европын сургуулиудтай харьцуулахад төлбөр харьцангуй бага атлаа сургалтын чанарын эрэмбээр төдийлөн дутахгүй байгаа нь Азийн бизнесийн сургуулиудын давуу тал болж байна.