
Зургийг: Prashanth Vishwanathan/Bloomberg
Тэрбээр банкнуудад "гологдсон" бага орлоготой зээлдэгчдэд мөнгө зээлж ихээхэн хөрөнгө босгосон нэгэн. Тэрбээр ажилтнууддаа зах зээлийн дунджаас доогуур цалин олгодог мөртөө тэднийг дэндүү ихийг олж байна гэж боддог нэгэн. Мөн тэрбээр өөрийн бараг бүх хөрөнгөө цөөхөн хэдэн ажилтнууддаа тарааж өгөөд жижигхэн байшин, 5000 ам.долларын үнэтэй автомашиндаа сэтгэл хангалуун үлдсэн нэгэн.
Р.Тьягаражан бол дэлхийн хамгийн этгээд санхүүчдийн нэг гэхэд болно. Гэхдээ түүний олон тэрбум ам.доллароор үнэлэгдэх бизнес "Shriram Group" дэлхий даяар тоолшгүй олон компаниуд бүдэрсэн салбарт цойлж чадсан юм.
Энэтхэгийн ядууст ачааны машин, трактор болон бусад тээврийн хэрэгсэл авахад нь зээл олгож анх бизнесээ эхлүүлсэн Тьягаражан "Shriram"-ийг өдгөө даатгалаас эхлээд хувьцааны брокер хүртэл бүхий л салбарт хүч үзэж, 108 мянган хүнийг ажлын байраар хангадаг конгломерат болгон босгожээ. Группийн тэргүүн компанийн хувьцааны ханш он гарсаар 35 хувиар өсөж, долоодугаар сард дээд түвшинд хүрсэн нь Энэтхэгийн хөрөнгийн зах зээлийн жишиг индексээс дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.
86 нас зооглож, групптээ зөвлөхийн үүргийг гүйцэтгэх болсон тэрбээр "Bloomberg"-д ярилцлага өгөхдөө зээлийн түүхгүй, эсвэл тогтмол орлогогүй иргэдэд зээл олгох нь олонхын боддог шиг тийм ч эрсдэлтэй биш гэдгийг батлахын тулд анх энэ салбарт орсноо ярьжээ. Өөрийнх нь бизнесийн арга барилд, мөн "Shriram"-ийн өдгөө 750 сая ам.доллароор үнэлэгдэх хувьцааг тарааж өгөх шийдвэрт нь гайхаад байхаар зүйл огт байхгүйг тэрбээр баталж байна.
"Би бага зэрэг зүүний үзэлтэй хүн. Аль хэдийнээ сайхан амьдарч буй хүмүүсийн амьдралыг илүү таатай болгоё гэж хэзээ ч сонирхож байгаагүй. Харин асуудалд орсон хүмүүсийг таагүй байдлаас гаргахыг илүүтэй хүссэн" гэжээ.
1.4 тэрбум хүн амын дийлэнх нь дундаж давхаргад орохоор зүтгэж буй улсад ашиглагдаагүй боломж хэр их байгааг түүний карьер тодотгон харуулна. Хэдий Нарендра Модигийн Засгийн газар Энэтхэгт банкны үйлчилгээг өргөжүүлэхээр чармайж байгаа ч нийт хүн амын 20 гаруй хувь нь албан ёсны санхүүгийн системийн гадуур үлдсэн хэвээр байна. Мөн банканд данстай энэтхэгчүүдийн гуравны нэг нь дансаа огт ашигладаггүйг Дэлхийн банкны тайлан харуулжээ.
Өөр арга барил
Ядууст мөнгө зээлэх нь социализмын нэг хэлбэр гэж Р.Тьягаражан үздэг. Банкны үйлчилгээ авдаггүй хүмүүст олддог тэнгэрт тулсан хүүтэй зээлээс илүү хямд сонголтыг санал болгосноороо тэрбээр энэ бизнес нь аюулгүй, ашигтай болохыг харуулахаар зорьжээ. Мөн ингэснээрээ тэрбээр бусад компаниудыг хүүгээ бууруулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн байна.
Өдгөө уг зах зээл Энэтхэгт томоохонд тооцогддог болжээ. Тус улсад өдгөө "сүүдрийн банк" буюу уламжлалт зээлдүүлэгчдийн зээл олгохоос татгалздаг иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд 9400 орчим бүртгэгдсэн байна.
Ченнай хотод математикаар бакалаврын болон магистрын зэрэг дүүргэсэн Р.Тьягаражан 1961 онд Энэтхэгийн хамгийн том даатгалын компаниудын нэг "New India Assurance"-д санхүүчээр ажилд орж, 20 гаруй жил ажиллажээ. Ажлынх нь хажуугаар Ченнайн иргэд хуучин ачааны машин авах мөнгө зээлэхээр түүнд хандах болсон бөгөөд Тьягаражан ч өөрийн өвлөн авсан хөрөнгөөс дуртайяа зээлдүүлдэг байв. Яваандаа энэхүү давхар ажил нь түүний карьерын гол хэсэг болсон байна. 37 насандаа тэрбээр "Shriram Chits"-ийг найзууд, хамаатнуудын хамт байгуулжээ.Он жил өнгөрөх тусам тэрбээр өөр компаниуд байгуулж, эцэст нь "Shriram" 30 гаруй компаниас бүрдсэн групп болон өргөжсөн байна
Банкнууд тэдэнтэй гэрээ хийхгүй тул хүмүүс ачааны автомашины зээл авахдаа 80 хувийн хүү төлөхөөс өөр аргагүй болж байгааг тэрбээр ажиглаад дээрх хэвшмэл ойлголтыг буруу гэж дүгнэсэн нь түүний хожмын карьерыг тодорхойлжээ. Ингээд Тьягаражан тухайн үеийн дэлхийн стандарттай харьцуулахад дэндүү өндөр боловч бусад сонголтоос бага хүүтэй зээл олгохоор шийдсэн байна. "Манай зээлийн хүү 30-35 хувиас 17-18 хувь болж буурсан" хэмээн тэрбээр онцолж байв.
Түүний хэлж байгаагаар өөрийн арга барил нь сайн санааны үйл биш аж. Харин хоёр гол капиталист үзэл санааг нэвт шингээжээ. Нэг нь хувийн хэвшлийн энтрепренершипийн ач холбогдол, нөгөө нь зах зээлийн зарчимд итгэх итгэл.
Энэхүү үзэл баримтлал өгөөжөө хангалттай өгснийг дурдахад илүүц биз. "Shriram" нийт олгосон зээлийнхээ 98 хувийг цагт нь буцаан төлүүлж чаддагийг тайлан нь харуулж байна. "S&P Ratings"-ийн үзсэнээр энэ нь ердөө л зээлдүүлэх шийдвэрээ зөв гаргадагтай холбоотой аж.
"Shriram" яг юуг өөрөөр хийдэг болохыг асуухад Тягаражам тус групп зээлийн оноог огт хардаггүйг эхлээд дурджээ. Оронд нь группийн эдийн засагчид одоогийн харилцагчдынхаа өгсөн мэдээлэл, баталгаанд тулгуурлан зээл олгох эсэхээ шийддэг байна.
Мөн компани дотооддоо цалин урамшууллын өвөрмөц зарчим баримталдаг. Хэдийгээр ажилтнууд нь зах зээлийн дунджаас бага дүнгээр цалинждаг ч Тьягаражаны хувьд тэдний цалин хэт өндөр байна гэж үзсээр иржээ. Группийн доогуур түвшний ажилтнууд нь бусад компаниудынхтай харьцуулахад ихэвчлэн 30 хувиар бага цалин авдаг. Харин удирдлагын түвшинд энэхүү зөрүү 50 хүртэлх хувь байдаг байна.
"Тансаглахад бус сэтгэл хангалуун амьдрахад нь хангалттай цалин л би өгдөг. Эргэн тойрны хүмүүстэйгээ өөрийгөө харьцуулах сэдэл өгч болохгүй. Ингэснээр тэдэнд зөвхөн зовлон л авчирна" гэж Тьягаражан өгүүлжээ.
Даруу амьдрал
"Shriram"-ийн тогтолцоог шударга болгодог хүчин зүйлсийн нэг нь Тьягаражаны "олонтойгоо" амьдрах хүсэл гэж группийн ажилтнууд хэлдэг. Олон жилийн турш тэрбээр жирийн "Hyundai" жолооджээ. Мөн ажлын садаа болно гэж үзээд гар утас хэрэглэдэггүй аж.
Тэрбээр "Shriram"-ийн компаниудад эзэмшдэг бүх хувьцаагаа 2006 онд байгуулагдсан "Shriram Ownership Trust" сангаар дамжуулан хэсэг ажилтнууддаа хандивласан байна. Группийн удирдах түвшний 44 ажилтан тус сангаас ашиг хүртэх бөгөөд сангийн нийт хөрөнгийн үнэлгээ сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдэж, өдгөө 750 сая ам.доллар хүрээд байгаа аж.
Өнөөдөр "Shriram" групп 23 сая орчим харилцагчдад үйлчилдэг. Группийн гол компани болох "Shriram Finance Ltd."-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 8.5 тэрбум ам.доллар бөгөөд энэ оны II улиралд 200 гаруй сая ам.долларын ашигтай ажилласан байна.
Анто Антони