Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгааг НЗДТГ мэдээлж байна. Шинээр авто зам барих, өргөтгөл шинэтгэл хийх нь түгжрэлийг бууруулахад чухал үүрэгтэй юм.
Нийслэлийн түгжрэл бууруулах чиглэлд баталсан төсөв 420 тэрбум төгрөг болж нэмэгдсэн ч өнөөдрийн байдлаар замын ажлын гүйцэтгэл хангалттай биш байгааг сүүлийн судалгаа харууллаа.
Улаанбаатар хотын 2022 оны төсвийн 17 хувийг шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих, нэг хувийг зогсоол шинээр барих, менежментийг сайжруулахад төлөвлөсөн аж. Энэ хүрээнд шинээр 13 байршилд авто зам, замын байгууламж барихаар төлөвлөжээ.
Одоогийн байдлаар 10-ынх нь гүйцэтгэгч байгууллага шалгарч, ажил нь эхэлсэн ч хоёрынх нь ажлын явц 90-97 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ мэдээлж байна. 70 хувийн биелэлттэй нэг зам байгаа бол үлдсэн нь 35-аас доош хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн гурван хувийн гүйцэтгэлтэй хоёр зам байгаа аж. Үүнд Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл шинэчлэлт болон “Алтай” хотхоны урд талын авто зам багтаж байна.
Иргэд нийслэлийн түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдөр өнгөрүүлдэг гэсэн судалгааг Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо танилцуулж байсан юм. Энэхүү алдагдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ нь 24 их наяд төгрөг болох тооцоо гарчээ. Жилд ойролцоогоор 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд оролцдог байна.