Зургийг: Egor Aleev/TASS
Гуравдугаар сараас эхлэн ОХУ газрын тосны үйлдвэрлэлийн гарцаа өдөрт 500 мянган баррелиар бууруулахаар болсныг “TASS” агентлаг мэдээллээ. Энэхүү шийдвэрийг тус улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн бусад гишүүдтэй зөвлөлдөлгүй, сайн дурын үндсэн дээр бие даан гаргасныг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак онцолсон байна.
Гарцын таналт зөвхөн газрын тосны үйлдвэрлэлд хамаарах бөгөөд байгалийн хийн конденсатыг багтаахгүй болохыг мөн тайлбарлажээ. Гарцын зөвшөөрөгдөх дээд хэмжээг газрын тосны компаниудад үйлдвэрлэлийн түвшнийг нь харгалзан тэнцүү хуваарилах аж.
“Зах зээлийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг бид ажиглах болно. Үр дүнд нь тулгуурлан цаашид зах зээлийн хүрээнд шийдвэр гаргана. Одоогоор гарцаа өдрийн дүнгээр 500 мянган баррелиар бууруулах шийдвэрийг зөвхөн гаргаад байна” хэмээн Александр Новак өгүүлжээ.
Харин “TASS”-ийн онцолсноор гарцын таналтыг тооцоолохдоо OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гэрээгээр тогтоосон ОХУ-ын үйлдвэрлэлийн зөвшөөрөгдсөн хэмжээнд бус үйлдвэрлэлийн бодит хэмжээнд тулгуурлах аж. 2022 оны 11 дүгээр сард байгуулсан гэрээгээр ОХУ өдөрт 10.478 сая баррель газрын тос үйлдвэрлэхээр болсон байна.
2023 оны нэгдүгээр сарын байдлаар ОХУ өдөрт 9.8-9.9 сая баррель үйлдвэрлэснийг Александр Новак мэдээллээ.