Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Дэлхий даяар байгалийн хийн эрэлт буурах шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа тул 2022 онд түүхэн өндөр ашгаа олоод байгаа “Shell” компанийн байгалийн хийн бизнес цаашид үргэлжлүүлэн өсөх боломжтойг тус компанийн Гүйцэтгэх захирал Ваел Сауан онцолжээ.
Саяхан албан тушаалаа хүлээн авсан Ваел Сауан газрын тос, байгалийн хийн олборлогчид нүүрстөрөгчийн ялгарлаа багасгахын хажуугаар хөрөнгө оруулагчдад очих өгөөжийг хэрхэн өндөр түвшинд хадгалах тухай удаан хугацаанд яригдаж буй асуудал, мөн ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийлэл дэлхийн зах зээл болон “Shell”-ийн боломжуудыг хэрхэн өөрчилж буй талаар “Bloomberg”-т ярилцлага өгсөн байна.
“Одоогийн байдлаар дэлхий дахинд байгалийн хий “ус, агаар шиг” хэрэгтэй байгаа учраас манай байгалийн хийн бизнес өссөн хэвээр байна. Цаашид ч энэ нь удаан үргэлжилнэ гэж би бодож байна. Нүүрстөрөгчийн агууламж бага эрчим хүч хүү шилжихэд байгалийн хий нэн чухал үүрэгтэй оролцоно” хэмээн Ваел Сауан өгүүлжээ.
Европын орнууд өнгөрсөн онд дамжуулах хоолойгоор нийлүүлэгдэх ОХУ-ын байгалийн хийгээс гэнэт татгалзах болсноор “Shell”-ийн шингэрүүлсэн байгалийн хийн бизнес эрс өссөн юм. 2022 онд тус компани Европ, Их Британи руу шингэрүүлсэн байгалийн хийн 194 удаагийн хүргэлт хийсэн нь өмнөх жилүүдийн дунджаас тав дахин илүү үзүүлэлт аж.
“2023 онд БНХАУ-ын байгалийн хийн эрэлт багагүй хэмжээнд сэргэснээр гол нөлөө үзүүлнэ. Миний хувьд эрчим хүчний хямрал дууссан гэж хэлэхгүй. Эрчим хүчний түүхий эдийн урсгалын шинэчлэн зохион байгуулалт өнгөрсөн онд асар том хүрээнд явагдсан. Цаашид мөн үргэлжилнэ гэж бид тооцоолж байна” хэмээн тэрбээр онцолсон байна.