
Зургийг: Justin Tallis/AFP/Getty Images
Газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь цаашид эдгээр шатах түлшийг хэрэглээнээс халах шилжилтэд нэн чухал ач холбогдолтой гэсэн санааг “BP” компанийн Гүйцэтгэх захирал Бернард Луни дэвшүүлжээ.
“Эрэлтийг бууруулахгүйгээр нийлүүлэлтийг бууруулах нь үнэ өсөх гарцаагүй нөхцөл байдалд хүргэнэ. Үнийн өсөлт нь эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж, тогтворгүй байдлын уршгаар энэхүү шилжилтийг чиглэсэн дэмжлэг үнэгүйдэх эрсдэлтэй. Ийм үр дүнд хүргэхгүйн тулд өнөөдрийн эрчим хүчний тогтолцоонд болон шилжилтэд хөрөнгө оруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр Лондонд зохиогдож буй “Олон улсын эрчим хүчний долоо хоног” чуулга уулзалтын үеэр өгүүлсэн байна.
Бернард Луни энэхүү байр суурийг илэрхийлэхийн өмнө “BP” компани 2030 он хүртэл газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт нь өмнөх төсөөллөөс илүү удаан хэрэгжихээр байгааг зарлаад байсан юм.
Дээрх алхам нь уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө өндөртэй одоогийн бизнесүүдийнхээ өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэ бизнесүүдийг босгох “BP”-ийн үйл ажиллагааны шинэчлэлийн нэг хэсэг нь болж байна. Түүнчлэн ОХУ, Украины дайнаас үүдэлтэй дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд үүссэн хоосон зайг нөхөх шаардлага нь компанийн стратегид тодорхой хэмжээнд нөлөөлжээ.
“BloombergNEF”-ийн мэдээлснээр өнгөрсөн онд түүхэнд анх удаа цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт шатах түлшний хөрөнгө оруулалттай тэнцүү хэмжээнд очсон байна. Хэдий тийм боловч дэлхий нийт 2015 оны Парисын уур амьсгалын гэрээгээр хүлээсэн зорилтыг хангах хэмжээнд ялгарлыг бууруулахад хол хэвээр байгаа юм.