
Зургийг: GM-DESIGN
“General Motors” компани хамгийн эрэлттэй тансаг зэрэглэлийн SUV загвар болох “Cadillac” брэндийн цахилгаан хувилбарыг танилцууллаа. “Escalade IQ” шинэ загвар нь 130 мянган ам.долларын үнэтэй, нэг цэнэглэлтээр 724 км зам туулах боломжтой юм байна.
“Super Cruise” буюу жолооны туслах технологи нэмэгдсэнээс гадна, хэлний шинэ загвартай болсон байна. 5.8 орчим метрийн урттай, 2.4 метрийн өргөнтэй энэхүү загварын жин нь “General Motors”-ийн цахилгаан хөдөлгүүртэй “Hummer”-аас илүү өндөр байж магадгүй байгаа юм.
Шаталтат хөдөлгүүртэй уламжлалт “Cadillac”-ийн SUV-ээс илүү үзэмжтэй “Escalade IQ” автомашин нь 10 минут цэнэглээд 160 км зам туулах юм байна. 750 морины хүчтэй, таван секунд хүрэхгүй хугацаанд 96 км/цагийн хурд авах хүчин чадалтай болжээ.
“Cadillac” брэнд тансаг зэрэглэлийн автомашины зах зээлийн 25 гаруй хувийг бүрдүүлэхэд “Escalade”-ийн хувь нэмэр хамгийн өндөр байдгийг “Cox Automotive”-ийн судалгаа харуулж байна. 2023 оны II улиралд дээрх загварын борлуулалт 7200 давж, өмнөх оныхоосоо 35 гаруй хувиар өсжээ.
“Cadillac Escalade IQ”-ийн үйлдвэрлэл 2024 оны намраас эхлэх юм байна.