
"EITI" буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийн үнэлгээгээр Монгол Улс 70 оноо буюу “Дунд” үнэлгээ авсан байна.
Түүнчлэн Монгол Улс олборлолтын салбарын нийгэм, орчны нөлөөллийн асуудлуудыг олон нийтэд хүргэх талд өндөр үнэлгээ авлаа. Ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд “Mergenboodii.mn”, “Miningwatch.mn” зэрэг веб сайтыг хөгжүүлж, иргэдээс олборлох үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт хүлээн авах, мэдээлэл хүргэх боломжтой болсон байна.
Түүнчлэн салбарын авлигын эрсдэлийг тодорхойлох чиглэлийн арга хэмжээг үнэлжээ. Хэдий тийм боловч Төрийн өмчийн компаниуд, лиценз олголт, бенефициар өмчлөгч буюу ашиг хүртэгч эзэмшигчтэй холбоотой ил тод байдал хоцрогдолтой байгааг анхаарууллаа.
Үүнтэй холбоотойгоор "EITI"-ийн Удирдах зөвлөлийн дарга Хелен Кларк тусгайлан Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Төрийн өмчит компаниудын реформыг дэмжих, ил тод байдлыг бэхжүүлэхэд ашиглахыг Монгол Улсын Засгийн газарт уриаллаа. Мөн Төрийн өмчит компаниуд Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байгааг тодотгож байна.
Тухайлбал: 2020 оны 12 дугаар сараас эхлэн иргэдийн цахилгаан, эрчим хүчний зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар төлүүлсэн, мөн оноос олон зориулалтаар ашиглах төмөр замын зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулсан зэргийг дурдсан байна. Мөн тэтгэврийн зээл “тэглэх”-тэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” компаниар бонд гаргуулсан байж болохоор байгаа зэрэг нь бүгд дараа нөхөн төлөх төсвийн бус зардалд тооцогдохоор байгаа аж.
“EITI”-ийн тайланд “Эрдэнэс Монгол”-ын гаргасан 280 сая ам.долларын бондын талаар тайлбар өгөөгүй байна. Энэхүү бондын хувьд Салхитын мөнгөний ордын ирээдүйн олборлолтын үйл ажиллагааг барьцаалж гаргасан юм. Компаниудын төсвийн бус зарцуулалтын ил тод байдал төсвийн орлоготой адил түвшинд биш байгаагаас улсын төсвийн бүртгэл бүрэн хийгдэхгүй байна гэж дүгнэсэн байна.
Ерөнхийдөө 2025 он хүртэл хэрэгжүүлэх гол зөвлөмжүүдэд ил тод байдалтай холбоотой зөвлөмжүүдийг өгчээ. Тухайлбал: жил бүр Төрийн өмчит олборлолтын салбарын компанийн санхүүгийн мэдээллийг нээлттэй зарлах, үүнд Засгийн газар болон Төрийн өмчит компани хоорондын санхүүгийн харилцаа болон гуравдагч талын дахин хөрөнгө оруулалт багтаж байгаа аж.
Түүнчлэн уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарын Төрийн өмчит компаниудын өмчлөгчдийн түвшин, өмчлөлийн хэмжээ, хэлбэр, эдгээрийн өөрчлөлтийг нээлттэй мэдээлэх ёстой гэж үзэж байна.
Мөн дотоодын компаниудын зээлийн мэдээлэл, нөхцөлийг ил тод байлгахыг хүсжээ. Үүнд зээлийн төлбөрийн хугацаа, хүү ч багтаж байгаа аж.
Төрийн өмчит компанийн аудитаар хянагдсан бүтээгдэхүүн олборлолтын мэдээлэл, санхүүгийн голлох үзүүлэлтүүд олон нийтэд нээлттэй байх ёстой гэж үзэж байна.
Мөн эдгээр компанийн нийтийн аж ахуй, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, түлшний татаас, улсаас өр хөнгөлөх зэрэг төлбөртэй холбоотой мэдээлэл цаашид нээлттэй байх ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлж байгаа юм.