Зургийг: Nathan Laine/Bloomberg
Саудын Араб улс Нидерландын хүлэмж үйлдвэрлэлийн компанитай хамтарч "синтетик уур амьсгал" бий болгох замаар цөлийг ногооруулахаар болжээ.
Энэ хүрээнд тус улсын шинээр босгож буй Неом хотын захад хөлбөмбөгийн 15 талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй талбайг хагалж, хүлэмж доторх баянбүрд бүтээх юм байна. Дашрамд дурдахад, Неом нь Улаан тэнгисийн эргээс эхлэн элсэн цөл дундуур 175 км үргэлжлэх шугаман хот байгуулах аварга төсөл юм. Саудын Арабтай 120 сая ам.долларын гэрээ байгуулаад буй Нидерландын хүлэмжийн тариалалтын "Van Der Hoeven" компани Неом хотын захад байрлалтай туршилтын хоёр байгууламжийн дизайн, бүтээн байгуулалтыг гүйцэтгэхийн зэрэгцээ багагүй хугацааны турш үйлчилгээ, үйл ажиллагааг нь хариуцах юм байна.
"Энэ төсөл бол дөнгөж эхлэл. Бид гадна талбайн тариалалт хийхэд хүндрэлтэй нөхцөлд синтетик уур амьсгал бүтээж байгаа. Талбайгаасаа бүтэн жилийн турш ургац авах зорилт тавин ажиллаж байна" хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Микиел Шонмакерс онцолжээ.
Туршилтын хоёр хүлэмж бэлэн болсны дараа төсөл эрчимжиж, цар хүрээ нь өргөжихийг холбогдох албаныхан мэдээлсэн байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлсэн бөгөөд туршилтын байгууламжуудыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Есөн сая гаруй хүн амьдарна гэж тооцоолж буй Неом хот ирэх 8-10 жилийн хугацаанд 300 мянган тонн жимс, хүнсний ногоо үйлдвэрлэдэг болох зорилтдоо хүрэхийн тулд мянга гаруй гектар талбайд хүлэмжийн тариалалт эрхлэх шаардлагатай гэжээ.
Хэдийгээр Европын хамгийн жижиг улсуудын нэгт тооцогддог ч хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт экспортоор АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг Нидерландын мэргэжилтнүүдийн туршлага, ур чадварыг шинэ хотын төсөлд ашиглахаар болсон нь энэ аж. Дэвшилтэт технологийн хүлэмж, босоо фермерийн аж ахуй зэрэг шинэлэг шийдлүүдийн ачаар энэхүү амжилтыг олсон бөгөөд өдгөө Нидерландын нийт газар нутгийн тал хувь нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байна.
Бүхэлдээ хуурай газар нутаг, хэт халуун зуны улирлын нөлөөгөөр хүнсний нийлүүлэлтийн хувьд импортоос ихээхэн хамааралтай байдаг Саудын Арабын хувьд дээрх төсөл нь хүнсний технологийн салбартаа оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.