
Зургийг: TikTok Shop
"TikTok"-ийн орлогын өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болох хамгийн өндөр хүлээлттэй “TikTok Shop” цахим худалдааны платформ зарим зах зээлийн хэрэглэгчдэд нээлттэй болоод байна. Хэдий тийм боловч одоогоор тус платформд голчлон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хямд бараанууд л дэлгэгджээ.
Нийгмийн сүлжээний тус аппликейшнд “Shop” цэс шинээр харагдах болсон бөгөөд эндээс хүмүүс санал болгож буй бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг гүйлгэн харах боломжтой аж. Эдгээр бараа, бүтээгдэхүүний дунд 2.99 ам.долларын “Nike”-ийн дуураймал цамцнаас эхлээд 16 ам.долларын компьютерын ширээ хүртэл байна.
Түүнчлэн санхүүгийн төлөвлөгч дэвтэр, бэлхүүс баригч зэрэг бараануудын олонх нь “TikTok”-ийн толгой компани болох “ByteDance”-ийн төвлөн байрладаг БНХАУ-аас импортлогдсон нь бичээстэй байгаа аж.
“TikTok Shop” энэ онд 20 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн борлуулна гэсэн зорилттойгоор “Amazon.com”-той өрсөлдөх гэж буйг "Bloomberg“ мэдээлж байсан юм. “TikTok Shop”-ийн үйл ажиллагаа нь “тодорхой бүлэгт чиглэсэн худалдаа байна” хэмээн тус компани дотооддоо хэлэлцэж тогтсоныг ойрын эх сурвалж мэдээллээ.
Өөрөөр хэлбэл тодорхой сонирхлын бүлгийн хүмүүсийг нэг дор цуглуулах боломжтой гэж үзсэн байна. Хэдий тийм боловч “TikTok”-ийн цахим платформын эхний хувилбарыг хэрэглэж үзэхэд видео үзэхэд ашиглагддаг, хэрэглэгч тус бүрд үзүүлэх мэдээллийг ялган тохируулдаг алгоритм байхгүй байсан аж. Чухам энэ л алгоритмаараа “TikTok” олон нийтийн анхаарлын өөр дээрээ амжилттай татаж байсан юм.
Харин үүний оронд “Shop” цэс нь бүх нийтэд нээлттэй худалдааны платформ болж, "Amazon” компанид тулгарч байсантай ижил бэрхшээлтэй нүүр тулжээ. Барааны гол болон дэд ангиллууд нь дэндүү олон нэр төрөлтэй аж. Тухайлбал: гэр, гал тогооны барааны хэсэгт 37 центийн үнэтэй автомашины жижиг хогийн савтай зэрэгцээд 8.43 ам.долларын гурван хос ор хөнжлийн даавуу байсан юм. Нэрийг нь буруу бичсэн брэндүүд, байж боломгүй хямд үнэ зэрэг нь хуурамч бүтээгдэхүүний бүхий л таних тэмдгийг агуулах аж.
“TikTok Shop”-т хямд үнийг нь том үсгээр онцлон бичсэн байхтай таарч болно. Түүнчлэн купон болон үнэгүй хүргэлтийн санал улаан, ногооноор тэмдэглэгдсэн байх аж. Мөн тухайн барааны хажууд хэдэн удаа зарагдсан тоо, мөн зарагдаж дуусах хугацааг цаг, минут, секундээр гүйлгэсэн нь хэрэглэгчдэд яарах мэдрэмжийг төрүүлдэг байна.
Харин тухайн бүтээгдэхүүн дээр дарахаас нааш ямар ч брэндийн нэр харагдахгүй. Дийлэнх барааны нэршил нь хүнд гэхээсээ илүү хайлтын систем, алгоритмд зориулсан мэт байлаа.
“Туршилтын хугацаанд ч АНУ-ын 200 мянга гаруй худалдаачид “TikTok Shop”-т бүртгүүлж, хууль ёсны бараа, бүтээгдэхүүн борлуулж байсан юм. Үүнд 150 мянга гаруй гоо сайхны бүтээгдэхүүн байсан нь биднээс борлуулалтын зөвшөөрөл авсан. Зарим нь гоо сайхны салбарын томоохон компаниуд ч байсан” хэмээн “TikTok”-ийн төлөөлөгч өмнө нь онцолж байлаа.
Алекс Барника