logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    И Жү: Боловсруулсан зэсийн эрэлт БНХАУ-д ирэх онд 2-2.5 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 21 17:15
    476
    “Bloomberg Intelligence”-ийн Ахлах шинжээч И Жүтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна

    - “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийг худалдан аваад байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

    - Миний бодлоор “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийг худалдан авснаар “Оюу Толгой”-ийн эзэмшлийн асуудал илүү энгийн болно. Ингэснээр уурхайн эзэмшигчид нь зөвхөн “Rio Tinto” болон Монгол Улсын Засгийн газар болж байгаа. Тэгэхээр цаашид “Оюу Толгой”-ийн уурхайн хөгжүүлэлт илүү хурдсах боломж бүрдэнэ. Одоогоор хөгжүүлэлтийн төлөвлөгөө хэдийн хуваариасаа хоцорч, төсвөөсөө даваад байна. Мөн энэ нь сүүлийн үед яригдах болсон нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд “Rio Tinto” уурхайн үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхээр зорьж байгаагийн илрэл болж байна. Одоогоор “Оюу Толгой” нь дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхайд тооцогдож байгаа. Бид уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ ирэх оноос өснө гэсэн хүлээлттэй байна. Учир нь ирэх онд гүний уурхай ашиглалтад орж, эхний бүтээгдэхүүнээ зах зээлд гаргана гэж төлөвлөөд байгаа. Ингэснээр “Оюу Толгой”-ийн үйлдвэрлэлийн гарц эрчимтэй нэмэгдэж, дэлхийд томоохонд тооцогдох уурхайнуудын нэг болно. Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах талаасаа эрэлтийг харах юм бол нэмэгдэж байгаа хэдий ч нөгөө талаасаа буюу нийлүүлэлт талаасаа хангалттай олон зэсийн шинэ төсөл хэрэгжихгүй байна. Тэгэхээр уул уурхайн компаниуд зэсийн ордуудыг эрж байна.

    Түүнчлэн сүүлийн жилүүдэд томоохон уул уурхайн компаниуд хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн хүчин чадлаас илүүтэй анхаарах болсон. Энэ нь өнөөгийн зах зээлийн нөхцөл байдалд тодорхой түвшний хөрөнгө оруулалт татна гэсэн үг юм. Дэлхий дахинд тэргүүлэх уул уурхайн 40 компанийн төслүүдэд хийсэн хөрөнгө оруулалтыг харахад 2016 онд энэ үзүүлэлт бүх цаг үеийн доод түвшинд хүрч байлаа. Түүнээс хойш эргэн сэргэж байна. Тиймээс ирэх онд зарцуулалт мөн өснө гэсэн хүлээлттэй байгаа. Лити, нүүрсхүчлийн кали зэргийн эрэлт ирээдүйд нэмэгдэхтэй зэрэгцээд олон төрлийн уул уурхайн компани хөрөнгө босгох талд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй болж байна.

    Мөн өнөөгийн зэсийн зах зээлийн үнэ тонн тутамд 8000 ам.доллароос илүү байгаа нь үйл ажиллагааны зардлаас давсан үзүүлэлт юм. Хэдий тийм боловч эдийн засгийн удаашрал нөхцөл байдалд нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад зэсийн гүйцэтгэх үүрэг өндөр байж, дунд болон урт хугацаандаа хөрөнгө оруулагчид эрэлт ихтэй металлуудад үргэлжлэн мөнгө хаясаар байхад нөлөөлнө. 

    - Бидний мэдэж байгаачлан “Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцааг 33 канад доллароор үнэлэх саналыг баталсан. Таны хувьд энэ үнэлгээг хэрхэн харж байна вэ? 

    - “Rio Tinto” компани санал болгосон үнийн дүнгээ хоёр удаа нэмэгдүүлсэн. Бидний хувьд “Turquoise Hill Recources”-ийн “Оюу Толгой” төсөлд эзэмших хувь хэмжээг нь “Rio Tinto” компани бодитойгоор үнэлж чадсан гэж үзэж байгаа. Түүнчлэн зэсийн ханшийн ирээдүйн үнэ цэнийг бодитойгоор тооцож, тусгасан гэж бодож байна. Үүнээс гадна “Оюу Толгой”-ийн уурхайн олборлолт хамаарч байгаа. Мэдээж харилцаа холбооны болон хүний нөөцийн асуудлуудтай холбоотойгоор уурхай ашиглалтад орох хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тэгэхээр энэ бүгдийг харгалзаж бодитой үнэлгээг гаргасан гэж үзэж байна.

    Зэсийн хувьд 2025 оноос хойш эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй байдал алдагдаж, хомсдол бий болох тооцоотой байгаа. Энэ утгаараа зэсийн үнэ цэн дагаад өснө гэж үзэж байна. 

    - Энэ бүх процессын эцэст “Rio Tinto” компани “Оюу Толгой” төслийн 66 хувийг шууд эзэмшихээр болж байна. Тэгэхээр энэ нь “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газартай хийх харилцаа холбоонд хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ? 

    - Төслийн гол хувьцаа эзэмшигчид зөвхөн “Rio Tinto” болон Монгол Улсын Засгийн газар болохоор байна. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн бүтэц илүү энгийн болж байна гэсэн үг. Энэ нь “Оюу Толгой” төслийн бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахад түлхэц болно гэж үзэж байна. Учир нь өмнө нь “Оюу Толгой” төслийн үйлдвэрлэл харилцаа холбооны асуудлуудтай холбоотойгоор хойшилж, зардал өсөхөд нөлөөлж байсан. Тэгэхээр зөвхөн Монгол Улсын Засгийн газар болон “Rio Tinto” хувь эзэмших нь төслийн үйл ажиллагааг хурдасгахад дэмжлэг болно гэж бодож байна. 

    - "Оюу Толгой" төслийн далд уурхайн олборлолт 2023 онд эхлэх товтой байгаа энэ үед зэс болон алтны зах зээлийн төлөвийг хэрхэн харж байна вэ?

    - Бидний хувьд уурхайн гарц ирэх оноос нэмэгдэх болов уу гэж бодож байна. Далд уурхайн олборлолт эхлэхээр байгаа нь үүнд голлон нөлөөлөхөөр байна. Ирэх оны эхний хагасаас эхлэн олборлолт хийгдэж эхлэхээр байгааг “Rio Tinto” компанийн зүгээс ч гэсэн мэдэгдсэн. Тэгэхээр зэс болон алтны гарц хоёул ирэх онд энэ оны түвшнээсээ нэмэгдэхээр байна. Мөн далд уурхайн олборлолт эхэлснээр гарц цаашид ч өсөлтөө хадгалах болов уу гэж бодож байна. Мэдээж нөхцөл байдал төлөвлөгөөний дагуу явсан нөхцөлд шүү дээ. 

    - БНХАУ-ын Засгийн газар COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо үе шаттайгаар сулруулж байгаа нь зах зээлийн орчинд ямар хариу үйлдэл, нөлөөлөл бий болгох вэ? Зөвхөн зэсээр тогтохгүй Монгол Улстай хамааралтай бусад түүхий эдүүдэд ч мөн адил?

    - БНХАУ эдийн засгаа эргэн нээж байгаа нь ялангуяа өнгөрсөн сард үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих олон бодлого баталсан нь таваарын зах зээлд нөлөөлнө гэж бодож байна. БНХАУ орон сууцны төслийн гүйцэтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх 16 заалт бүхий үл хөдлөх хөрөнгийн дахин сэргэлтийн багц баталсан. Энэ нь зөвхөн зэсээр зогсохгүй бүх төрлийн металлын зах зээлд дэмжлэг болно. Барилгын ажлыг эхлүүлснээр ган, төмрийн хүдэр зэрэг эхэн үед ашиглагдах металлд шууд нөлөөлөх юм. Мөн дутуу барилгыг барьж дуусгаснаар зэс, хөнгөн цагаан зэрэг эцсийн шатанд ашиглагдах металлуудын эрэлтийг өсгөнө. Тиймээс ирэх онд БНХАУ-ын зэс болон бусад металлын эрэлт нэмэгдэнэ гэж бид тооцоолж байна. 

    Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн эрэлтийн тусгал болдог барилгын нэг давхрын талбайн борлуулалт сэргэснийг дурдаж болно. Бас дутуу орхисон барилгыг барьж дуусгах явц сэргэж байна. Тиймээс зэсийн хэрэглээ маш өндөр үе шат нь сүүлийн хэдэн сард явагдсан гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн сэргэлт Засгийн газрын дэд бүтцийн зарцуулалттай хосолсноор бидний нэрлэдгээр эдийн засгийг дэмжих биет арга хэмжээ болно. Эдгээр нь металлын эрэлт өсөхөд нөлөөлөх юм. Үүнээс гадна агааржуулагч болон цахилгаан бараа, бүтээгдэхүүний зах зээлийг харахад барилгын засвар үйлчилгээний зах зээлийг даган өснө.

    Мөн цахилгаан автомашины борлуулалт өсөж, үйлдвэрийн тоног, төхөөрөмжийн борлуулалт сэргэж байна. Иймд зэсийн эрэлтийн төлөвийг харвал БНХАУ-ын боловсруулсан зэсийн эрэлт ирэх онд 2-2.5 хувиар өсөхөөр байна.

    Cэтгэгдэл бичих