
Зургийг: С.Батсайхан
Наймдугаар сарын эцсийн байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.9 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны II улиралд харьцангуй өсөлттэй байсан ч долоодугаар сард үл ялиг удаашраад байсан юм.
Нийт зээлийн үлдэгдлийн 55.8 хувь нь Монголын ипотекийн корпорацад шилжсэн эх үүсвэр байгаа бол 30.2 хувийг банкны өөрийн эх үүсвэрээс төгрөг болон валютаар олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл бүрдүүлснийг Монголбанк мэдээллээ.
Зээлийн үлдэгдлийн 1.6 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, 0.3 хувь нь хэвийн бус зээл, 0.67 хувь нь муу зээл байгаа аж.
Банк өөрийн эх үүсвэрээс олгосон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл өсөж 62.8 тэрбум төгрөг болжээ. Харин хэвийн бус зээлийн үлдэгдэл сүүлийн гурван сарын хугацаанд буурсан байна.
2023 оны эхний хагас жилд Монголбанк хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкнуудад эх үүсвэрийг нь олгоод байсан юм. Түүнээс хойш VII, VIII саруудад арилжааны банкнууд 35 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан ч эх үүсвэр нь тодорхойгүй байсан тул зээл олголт хийгдээгүй. Харин есдүгээр сараас зээл олголт хэвийн үргэлжилж буйг Монголбанк мэдээлж байв.