
Байгалийн хийн өндөр үнэ, ужгирсан инфляц эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлсөн хэвээр байгааг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) пүрэв гарагт гаргасан Бүс нутгийн эдийн засгийн төсөөлөлдөө онцолсон байна.
Тус банкны үйл ажиллагаа явуулж буй гурван тив дамнасан бүс нутгийн эдийн засаг 2023 онд 2.1 хувиар тэлэх төлөвтэй байгаа нь есдүгээр сард гаргасан төсөөлөл болох гурван хувиас буурсан үзүүлэлт аж. Шинэ төсөөлөлд ЕСБХБ-ны үйл ажиллагаа явуулдаг 36 орны тэн хагасынх нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурч тогтсон бол тун цөөн оронд төсөөллөө нэмэгдүүлсэн байна. Харин 2024 онд бүс нутгийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь болж эрчимжихээр байгаа аж.
ОХУ-ын Украинд эхлүүлсэн дайны уршиг нэмэгдэж, цар тахлын дараах сэргэлтийн эрч суларсантай холбоотойгоор бүс нутгийн эдийн засаг 2022 оны I-IX сарын хооронд өмнөх оныхоос 3.2 хувиар, бүтэн жилийн дүнгээр 2.4 хувиар өссөн нь 2021 оныхоос удааширсан үзүүлэлт болж байна. Хэдий тийм боловч Европын хөгжиж буй орнуудын хэрэглэгчдийн хувийн хадгаламжийн зарцуулалт өндөр түвшинд хадгалагдсанаар өсөлтийн түвшин өмнөх төсөөллийг давсан байна.
Харин Монгол Улсын энэ он болон ирэх оны эдийн засгийн өсөлтийг ЕСБХБ шинэ төсөөлөлдөө долоо болон 7.5 хувь дээр хэвээр үлдээжээ. Ерөнхийдөө Төв Азийн бүс нутгийн эдийн засаг 2023 онд 4.9 хувиар өснө гэж тооцоолсон нь бусад бүс нутгаас хамаагүй өндөр үзүүлэлт болсон байна. Газрын тос болон байгалийн хийн өндөр үнэ түүхий эдийн экспортлогч орнуудын орлогыг нэмэгдүүлж, ажиллах хүч, хөрөнгө, мөнгөн гуйвуулгын орох урсгал тэлж, худалдааны эргэлт өссөн нь Төв Азийн эдийн засгийн төсөөллийг есдүгээр сараас ахиулж тогтооход голлон нөлөөлжээ.