Европын зарим худалдан авагчид ОХУ-аас никель импортлох хэмжээгээ багасгаж, нөөцийн илүүдэл үүсэх магадлалтай болсонтой холбоотойгоор “Norilsk Nickel” буюу “Nornickel” компани ирэх онд үйлдвэрлэлийн гарцаа ойролцоогоор 10 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.
Дэлхийн никелийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлдэг тус компани энэ онд 205 мянгаас 215 мянган тонн никель үйлдвэрлэхээр төлөвлөөд байсан аж. Гарцаа 10 хувиар бууруулснаар “Nornickel”-ийн үйлдвэрлэл үерийн улмаас хоёр гол уурхайнх нь үйл ажиллагаа доголдоод байсан 2021 оны түвшинтэй ойролцоо очих юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Засгийн газар “Nornickel”-ийн гол хувьцаа эзэмшигч Владимир Потаниныг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан ч тус компанийн эсрэг ямар нэгэн хориг тавиагүй байна. Хэдий тийм боловч Украины дайнаас үүдэлтэй логистик, даатгал, тээвэрлэлтийн доголдлууд тус компанид нөлөөлжээ.
Нийлүүлэлт тодорхой хэмжээнд хумигдсанаар Лондоны Металлын бирж дэх никелийн фьючерс үнийн савлагаа улам нэмэгдэх магадлалтай байгаа аж. Гуравдугаар сард тооцоолоогүй хомсдол үүссэний улмаас никелийн үнэ он гарсаар 40 гаруй хувиар өсөж, хэлцлийн хөрвөх чадвар багассан байна.
Ирэх онд дэлхийн никелийн зах зээлд ойролцоогоор 110 мянган тонны илүүдэл үүсэх магадлалтай гэж “Nornickel” өнгөрсөн сард мэдэгдэж байв. Үүнтэй холбоотойгоор тус компани энэ намар 2023 оны гэрээ хэлцлүүдээ сар гаруйн хугацаанд түр зогсоож байсан юм.