
Зургийг: president.mn
Монгол Улс болон ОХУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр талууд Эгийн голын усан цахилгаан станц байгуулах асуудлыг нарийвчлан судлахаар тохирсныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.
Мөн Монголоос ОХУ-д нийлүүлж буй мах, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон байна. Төрийн тэргүүн нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэчлэл хийх, Монгол Улсын баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцолжээ.
ОХУ-ын TASS агентлагийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг 2024 онд Монголд айлчилж, Халхын голын түүхт ялалтын баярт оролцохыг урьсан байна. Хоёр улсын Төрийн тэргүүн ирэх жил тохиох Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэх нь хоёр улсын дайчин нөхөрлөлийг мөнхжүүлж, залуу, хойч үед түүхэн үнэнийг таниулахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ.
Үүнээс өмнө “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын Ерөнхийлбөгч Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар угтан авсан юм.
Монгол Улс болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь удаагийн дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас баталгаажуулснаар чуулга уулзалтын үеэр БНХАУ-тай зээлийн хэлэлцээр байгуулахаар байна. Тодруулбал: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилтийг нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхэд бэлэн болоод байгаа юм.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нийт өртгийн 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авахаар байна. Зээл нь 20 жилийн хугацаатай, хүү нь хоёр хувь байх бөгөөд зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлөх нөхцөлтэй гэж тохиролцоод байгаа аж.