
2022 он “Hollywood”-ийн хувьд хүндхэн жил байлаа. Эдийн засгийн хүндрэлийг дагаад медиа салбарын бүх л компанийн зар сурталчилгааны орлого буурч байна.
Одоогоор бүх л медиа салбарын компанийн Санхүү хариуцсан захирал нэг л зүйлийг онцолж байгааг салбарын шинжээчид хэлж байна. Тухайлбал: энэхүү салбарын хүндрэл 2023 оны эхний зургаан сард үргэлжлэхээр байгаа аж.
Өөрөөр хэлбэл медиа стриминг салбарынхны хамгийн хүндхэн асуудал нь улс төрчдийн асуудалтай адил эдийн засаг болчхоод байгаа юм.
Эдийн засгийн уналт болох эрсдэлээс шалтгаалан “Google”, “Facebook”, “TikTok” зэрэг технологийн томоохон компаниудын ч орлогын багагүй хэсгийг бүрдүүлдэг зар сурталчилгааны салбар огцом саараад байна. Мөн энэ асуудлыг шийдвэрлэх нь медиа салбараас хамааралгүй Украин, инфляц, бодлогын хүү зэрэг асуудлууд байгаа нь бүр мухардалд оруулж байгаа аж.
Театрын зах зээлийн өөр нэг асуудал харин 2023 онд цэгцрэх төлөвтэй байна. “Hollywood”-ийн гол найруулагчдын шинэ бүтээлүүд олноор гарснаар кино зах зээл өсөх ч хүмүүс гэртээ кино үзэхийг илүүд үзсэнээр цар тахлын өмнөх үеийн түвшинд хараахан хүрэхгүй гэж шинжээчид үзжээ.
“IMDB”-ийн судалгаагаар 2023 оны хамгийн өндөр хүлээлттэй кино “Barbie” байгаа аж. “Lady Bird” киногоороо “Oscar”-ийн кино наадмын таван төрөлд нэр дэвшиж байсан найруулагч Грета Гервигийн энэхүү киноны гол дүрд Марго Робби, Райан Гослинг зэрэг “Hollywood”-ийн одод тоглож байна. Түүнчлэн хамгийн өндөр хүлээлттэй кино жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэж буй Кристофер Ноланы бүтээл “Oppenheimer” кино “Barbie”-тай нэг өдрийн зайтай нээлтээ хийхээр байгаа юм.
Түүнчлэн олон нийтийн дунд явуулсан судалгаагаар үзэгчдийн дийлэнх нь “Oscar”-ийн "Шилдэг кино" шагналыг Стивен Спилбергийн "The Fabelmans" кино хүртэнэ гэж үзэж байна. Түүнчлэн "A24" кино студийн бүтээл "Everything Everywhere All At Once" зэрэг хөгжилтэй бөгөөд сонирхолтой утга агуулгатай бүтээл дээрх шагналыг хүртэнэ гэсэн хүлээлт өндөр байна.