logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Их Британид ажил олгогчид диплом шаардах нь багасаж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 13 16:35
    275

    Зургийг: Jens Schlueter/Getty Images

    Их Британид амьжиргааны өртөг өсөж, хямрал нүүрлээд буй энэ цаг үед зарим оюутнууд их сургуулийн диплом өвөртлөх нь өөрт нь үнэхээр шаардлагатай эсэхийг дахин эргэцүүлж байна

    2021-2022 онд Их Британид мэргэжлийн зэрэг шаардахгүй гэсэн ажлын зар хоёр дахин нэмэгдсэнийг “LinkedIn”-ийн судалгаанаас харж болохоор байна. Өнгөрсөн наймдугаар сард тус улсын шилдэг 100 компаниас зарласан ажлын байруудын 90 хувьд мөн дээрх шаардлага байхгүй байсныг  хүний нөөцийн “MHR” компани “Bloomberg”-т мэдээлжээ.

    “IBM” компанид гэхэд л таван ажлын байр тутмын нэг хүрэхтэй үгүйтэй нь их сургуулийн диплом шаардаж байгааг тус компанийн захирал Женни Тэйлор онцолж байлаа. Түүнчлэн “Kellogg” компани ч мөн Их Британи дахь ажлын байрууддаа диплом шаардахаа больсон байна. Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч “Cisco” зэрэг компаниудын хувьд “зэрэгтэй дадлагажигч” хөтөлбөр бий болгосон бөгөөд энэ нь хүмүүст ажиллангаа зэрэг эзэмших боломж олгох юм байна. 

    Өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулахад  дэлхий дахинд ажил олгогчид ажилтнуудыг дипломоос илүү ур чадвараар нь хайх хандлага тав дахин нэмэгдсэн нь “LinkedIn”-ийн судалгаанаас харагдаж байгаа юм. Энэхүү чиг хандлага нь хахир хатуу хөдөлмөрийн зах зээлд дипломоор хаалт, хязгаарлалт хийх явдлыг үгүй хийхэд чиглэсэн аж. 

    Харин  "Ур чадвар нэгдүгээрт үү, диплом нэгдүгээрт үү" гэсэн уралдаанд Английн өөрийн нөхцөл байдал нөлөөлсөн байна. Тухайлбал: англи оюутнууд инфляцын дарамтад орсноос гадна компаниудад BREXIT-ийн дараа, мөн цар тахлын улмаас гаднын ажиллах хүч ихээр дайжсаны дараа ажилтан хайж олоход бэрхшээлтэй болжээ.

    “Хэрэв ур чадвартай ажилтнууд хомс хэвээр байвал бид олон төрлийн салбарт ажлын байранд ороход саад болж буй хаалтуудыг нь авч хаяж болно. Ингэх тусам ажлын байрууд хүмүүсийг улам бүр тэгш хамруулдаг болно” хэмээн “Hays UK and Ireland”-ийн Гүйцэтгэх захирал Саймон Винфелд онцолж байлаа. 

    Залуусын хувьд их сургуульд өндөр төлбөр төлж сурах нь улам хүндрэлтэй болоод буй энэ цаг үед мэргэжлийн зэрэг үл шаардах хөдөлмөрийн зах зээл улам эрчээ авч байна. Учир нь суралцаж буй оюутнуудын амьдрал ахуйдаа ашиглахаар авсан хэрэглээний зээлийг инфляц сорчхож байна. Тухайн зээлийг оюутан тодорхой хэмжээний орлого олохоороо нэг дор төлөх ёстой. Гэтэл тэр хооронд хоол хүнснээс авхуулаад түрээс хүртэлх бүх зүйлийн өртөг тэнгэрт хадаад байгаа юм.

    “Их Британид амьжиргааны өртөг өсөж, хямрал нүүрлээд буй энэ цаг үед зарим оюутнууд их сургуулийн диплом өвөртлөх нь өөрт нь үнэхээр тохирох алхам эсэхийг дахин эргэцүүлж байна. Энэхүү шилжилт нь сонирхолтой маш олон мэргэжлийг эзэмших олон янзын арга зам байдаг гэдгийг харуулж байгаагаараа ач холбогдолтой” хэмээн “LinkedIn”-ийн Их Британи дахь салбарын менежер, Холбоо харилцааны хэлтсийн Дэд Ерөнхийлөгч Нгайре Мойес өгүүлж байлаа. 

    Үүний нэг жишээ нь хуульч болох сонирхолтой иргэд юм. Томоохон хуулийн компаниудын доогуур түвшний хуульчид 100 мянган фунт стерлингийн цалин авах боломжтой. Гэвч тэдний олонх нь анхнаасаа л хуулийн дипломын төлбөрийг төлөх боломжгүй байдаг аж.

    “Хуулийн мэргэжилтэн болдог уламжлалт замналаар бол нийгэм, эдийн засгийн доогуур бүлгээс гаралтай олон авьяаслаг оюутнууд хуульч болох боломжгүй байна” хэмээн  “Linklaters” хуулийн компанийн менежментийн түнш Пол Луис ярьж байлаа. Тус компани ахлах сургууль төгсөгчдөд ажлын 100 байр бий болгохоо зарласан 50 хуулийн компаниудын нэг юм. Шинэ ажилтнууд нь хуулийн мэргэжилд суралцангаа ажиллах зургаан жилийн хөтөлбөрт хамрагдана. Улмаар шалгалт өгснөөр Их Британид зөвшөөрөгдсөн хуульч болох аж. 

    Тэгвэл их сургууль төгсөөгүй иргэдийг ажилд авах нь ажлын байранд олон янзын байдлыг бий болгох давуу талтай байна. Ур чадварыг харгалзан ажилд авах болсноор урьд нь эмэгтэйчүүдийн оролцоо бага байсан ажлын байруудад эмэгтэйчүүд ажиллах нь эрчүүдээс 24 хувиар нэмэгдсэнийг Нгайре Мойес онцолж байв.

     

    Ирина Ангел

    Cэтгэгдэл бичих